alim.mn | 2025.01.10
Худал мэдээлэл тараасан Өмнөд Солонгосын сүүн бүтээгдэхүүний компанийн ерөнхийлөгч уучлал гуйгаад албан тушаалаасаа огцорчээ

Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy Products Co компанийн ерөнхийлөгч өнөөдөр албан тушаалаасаа огцрох шийдвэрийг зарлажээ.

Өнгөрсөн сард тус компани өөрийн “Bulgaris” брэндийн йогуртыг коронавирусээс хамгаалах үйлчилгээтэй тухай мэдэгдсэн юм.

Үүний дараа Namyang компанийн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, хөрөнгийн зах зээл дээр хувьцааны үнэ нь өссөн байна.

Гэвч йогурт коронавирусийн халдвараас хамгаалдаг гэх мэдээлэл шинжлэх ухааны үндэслэлтэй баримтаар батлагдаагүй тул иргэдийн дунд тус компанийн бараа бүтээгдэхүүнийг бойкотлох хөдөлгөөн өрнөж, гүйцэтгэх захирал нь албан тушаалаасаа огцорсон юм. Гүйцэтгэх захирлын огцрох шийдвэр иргэдийн бухимдлыг дарж чадаагүй тул энэ удаа ерөнхийлөгч Хон Вон Сик олон нийтээс уучлал гуйгаад албан тушаалаасаа огцорч байна.

“Би бүх хариуцлагыг өөртөө хүлээж, Namyan Dairy компанийн ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч байна. Би удирдлагыг өөрийн үр хүүхдүүдэд шилжүүлэхгүй байхаар шийдлээ” гэж Хон Вон Сик сэтгүүлчдийн өмнө мэдэгдээд олон нийтээс уучлал гуйжээ.

Түүний гэр бүл Namyang Dairy Products Co компанийн 53.1 хувийг эзэмшдэг юм байна.

Өнгөрсөн долоо хоногт Сөүл хот дахь тус компанийн төв байранд цагдаа нар нэгжлэг явуулж, вирусийн судалгаатай холбоотой баримт цуглуулсан юм.

 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ