Ардчилсан намын төв байрны гадна тус намаас тайван жагсаал, сануулах цуглаан зохион байгууллаа. Тодруулбал, М.Тулгат даргатай АН-ын удирдлага, гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүд өлсгөлөн зарласантай холбоотойгоор тайван жагсаал хийлээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: "У.Хүрэлсүх АН-ыг устгах технологи, төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төрийн өндөр дээд албан тушаалд байгаа эрх бүхий хүмүүс ах дүүс болсон. Зорилго нь Монголын ардчиллыг нураахад чиглэж байна. АН-аас нэр дэвшиж, Ерөнхийлөгч болсон Х.Баттулга МАН-тай дуугаа нийлүүлж, АН-ын 30 жилийн түүхийг булшлахыг оролдож байна. Ардчиллын завхарсан 30 жил гэж хэлэхэд нь намын гишүүдийн сэтгэл харлаж байлаа. Намын зүгээс ийм коммунист шийдэл бүү гарга гэж захисан. Амь нас, алдар хүндээ зориулж, 30 жил зүтгэсэн АН-ын гишүүдийн зүтгэлийг МАН-ын индэр дээр зогсоод хэлж байна. Гэтэл өнөөдөр ах, дүү явсан У.Хүрэлсүх нь Х.Баттулгыг хулхидаж байгааг та бүхэн харж байна. Засаг удирдаж явсан хүн буулт хийж, эрх мэдлээ шилжүүлсэн байж, дахин өндөр дээд албан тушаалын төлөө шударга бусаар тэмцэж байна. АН-ыг тараах эрх мэдэл хэнд ч байхгүй. Намаа тараахгүй гэдэг үзэл санаанд бат нэгдэж байгаа нийт гишүүддээ талархлаа илэрхийлье. У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс АН-ыг захиалгаар бий болгох гэж оролдож байгаа нь харамсалтай байна." гэв