АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн азрлаад зургаа хонож байна. Өнөөдөр талбай дээр бүлгийн хурлаа хаалттай хуралдлаа. Хуралдаанаар хэлэлжсэн асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийв.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа: “Өнөөдөр Засгийн газрын 100 дахь хоногоо маш эмгэнэлтэйгээр угтаж байна. Нийт 170 хүн халдварын улмаас нас барж, 45 мянга гаруй хүн өвчилсөн байна. УОК-ын буруу шийдвэрийн улмаас энэ олон хүний амь нас хохирсон гэж бид үзэж байгаа. АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс амь насаа алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсад хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй болсон юм байна. Ийм олон хүн амь насаа алдчихаад байхад Засгийн газар юу ч болоогүй юм шиг байна. Өнөөдөр Төрийн ордонд мөн УИХ-ын гишүүд юу ч болоогүй юм шиг байна. Чуулган нь цагтаа хуралдахгүй, түр хороод хуралдахгүй, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдыг өөрийн биеэр Covid-19 нөхцөл байдлын мэдээг сонсох гэсэн боловч ирээгүй. Энэ хүнийг Ерөнхий сайдаар сонгогдсоноос хойш чуулганы танхимд нэг ч удаа хараагүй. УИХ дээр ирдэггүй Ерөнхий сайдтай болсон. Өнөөдөр 100 хоног дээрээ баахан худлаа ярих байх. Цар тахлаар дамжуулж бүх зүйлийг дур мэдэн шийддэг эрх баригчидтай болсон. Өнгөрөгч 2020 онд 5.1 их наяд төгрөгийг өөрсдөө зарцуулсан. Энэ мөнгө иргэдийн эрүүл мэнд, эмчилгээнд зарцуулагдаагүй.
Энэ мөнгийг эрх баригчдын сонгуульд зарцуулсан. Цөөхөн хүн амтай улс орнууд цар тахлын халдварыг хумьчихсан байна. Хэдэн зуун саятай хүн амтай улсад мэдээж хүндрэл байгаа. Монгол гуравхан сая хүн амтай улс атлаа энэ их мөнгийг үр дүнтэй зарцуулсан бол өвчнийг бүрэн хумих байсан. Тиймээс Засгийн газрыг 100 хоногтоо маш муу ажилласан гэж үзэж байна. УОК цаг үеэ олоогүй дандаа буруу шийдвэр гаргадаг. Өөрт ашигтайгаар хөл хориог дуртай үедээ хийж байна. Эдийн засаг өнөөдөр маш муудлаа” гэв.