УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралджээ. Ажлын хэсгийн түвшинд зөвшилцсөний дүнд төв талбайд өлсгөлөн зарлаад байсан АН-ын гишүүд энэхүү үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалж, бүлэг тус бүрээс гурав гурван гишүүн бүрэлдэхүүнд нь орсон. "АН-ын бүлгийн гишүүд тодорхой санал тавьсан. Тэр саналуудыг бид хүлээж авсан. Тухайлбал,
1-рт: АН-ын тамга тэмдэг өгсөн асуудал хууль дүрмийн дагуу явсан эсэх, УБЕГ-ын зарим албан хаагчид ажлаа зөв хийсэн эсэх, үүнд ажлын хэсэг хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт гаргана.
2-рт: Улсын дээд шүүхийн Тамгын газраас улстөрийн намын дагуу лавлагаа гаргасан. Тамгын газраас гаргасан лавлагаа нь хууль тогтоомжийн дагуу гарсан эсэхийг шалгаж, үнэлэлт дүгнэлт гаргана. Дээд шүүх биш Захиргааны байгууллагыг нь хэлж байна шүү.
3-рт: СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар ТББХ-нд мэдээлэл сонсоно. Хууль дүрмийн дагуу явж байгаа эсэхэд мэдээлэл сонсоно.
4-рт: АН болон АН-ын зарим гишүүдээс АТГ-т төрийн зарим албан хаагч нартай холбоотой гомдол гаргасан. Уг асуудалд АТГ ямар арга хэмжээ авч байгаа эсэх талаар мэдээлэл сонсоно. Гэхдээ хуулиа баримтална.
5-рт: УИХ-ын даргын захирамжаар Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах УИХ-д өргөн барих ажлын хэсэг ажиллана. Бэлтгэл ажил хангагдсан. Бүх намууд оролцоно. УИХ-аас гарах ажлын хэсэгт манай ажлын хэсэг үүсээд байгаа нөхцөл байдал, бүртгэл, тамга тэмдэгтэй холбоотой асуудлаар дүгнэлтээ гаргаж өгнө" гэлээ.