УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласан улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар МАН болон АН-ын бүлгийн төлөөллөөс бүрдсэн зөвшилцлийн ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсэг өнөөдөр хоёр удаа хуралджээ. Ажлын хэсгийн түвшинд зөвшилцсөний дүнд төв талбайд өлсгөлөн зарлаад байсан АН-ын гишүүд энэхүү үйл ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "МАН-ын У.Хүрэлсүхийн хөлсний алуучид, алуурчин самууруулагч өөр намыг самууруулдаг энэ байдлыг өнөөдөр ганц нэг мөнгө авсан хүмүүс талд нь дуугараад хамгааллаа гэж бодъё. Хойш хойшдоо Монгол Улсад сонгууль гэж байхгүй болно. Сонгуулиас өмнө эрх баригчид хэнийг сонгох вэ гэдгийг тодорхойлдог болно. Ардчилал гэж юу юм бэ? Ард түмэн сонгуулиа өгдөг. Ард түмнээс гуйж саналыг нь авдаг. Эргээд ард түмэнд үйлчилдэг.
Одоо МАН-ын хүн өөрөө хүүхэлдэй гаргаж ирээд ялсаны дараа ард түмэнд мөн үйлчилж харагдаач. Яагаад гэвэл ард түмнээс гуйгаагүй учраас ийм л зүйлийн төлөө бид тэмцэж байна. Өнөөдөр МАН буулт хийж байна.
Хууль дүрэм зөрчсөн төрийн алба хаагчдад хариуцлага тооцьё. Ийм асуудлыг тавиад ярьж байна. Эцсийн шийдийг бүлэг дээрээ бид ярилцана" гэлээ.