Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАН-аас 2021 оын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өчигдөр "ТВ-9 телевизийн шууд ярилцлагад орсон билээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч У.Хүрэлсүх: "Би Ерөнхийлөгч Х.Баттулгатай сайхан хамтарч ажилласан. Санал нийлж олон ч ажил эхлүүлсэн, хийсэн. Би Х.Баттулгатай хувь хүний хувьд ямар нэгэн маргаан, асуудал байхгүй. Харин улс орны амин чухал асуудал, хөгжил дэвшил, хууль дүрэм хэрэгжих тухай асуудал дээр санал зөрөлдсөн, маргаантай асуудал байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн төрийн хуулийг зөрчиж болохгүй, зөвхөн хуулийн хүрээнд ажиллана. Хэн нэгнийхээ эрх үүрэг, ажил руу хөндлөнгөөс орохгүй. Бидний хамгийн эхний зөрчил Шүүхийн тухай хууль дээр илэрсэн. Ерөнхийлөгч шүүх засаглалыг өөр дээрээ барих гээд байдаг. Бүх шүүгчийг өөрөө томилж, үүрэг даалгавар өгдөг эрх мэдлээ авч үлдэх гээд байсан. Гэтэл бид шүүх хараат бус байж зарчмыг л баримталсан. Хэчнээн жил нэг хүнээс хараат шүүхтэй, прокурортой байх юм бэ. Шүүх, прокурор томилдог эрх мэдлээ тэрийгээ улстөрд ашигласан. Үүнийг Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталснаар зогсоосон. Шүүхийн байгууллага бие даасан хараат бус байх ёстой гэдэг дээр бид хоёрын зарчмын санал бодол зөрсөн. Би Ерөнхийлөгчийг биш, сонгодог парламентын засаглалыг дэмждэг, Монгол Улс ч тэр зам руу яваасай гэж боддог" гэлээ.