Сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ болон Д.Энхбат нарын талаар Буянгийн Жаргалсайхан дараах зүйлсийг ярив.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу намууд нэр дэвшигчээ тодруулсан. Албан ёсоор 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Датакомын Д.Энхбат нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр тодруулсан бол С.Эрдэнийн материалыг СЕХ хүлээн авсан нь АН-ын парламент дахь гишүүд төв талбай дээр долоо хоног өлсгөлөн зарлах шалтгаан болсон. С.Эрдэнэ болон Д.Энхбат нарын талаар Буянгийн хэмээх Б.Жаргалсайхан дараах зүйлсийг ярив.
Тэрээр, “С.Эрдэнэ улаан цагаан дандаа сонгуулийг найруулдаг. Сүүлийн үед бүр интернет сүлжээ, мэдээллийн хэрэгсэл ашиглаж, хэдэн хүн компьютер дээр суулгаж байгаад дотоод сонгууль хийж байна гээд өөрийн хүслээр тоогоо тавьдаг боллоо. Тийм учраас гар утас, интернет ашиглаж сонгууль хийж болохгүй. Сонгуулийг амьдаар нь, цаасан дээр гарын үсэгтэй, бүртгэлтэйгээр хийх ёстой. Тиймээс саяхан болсон С.Эрдэнийн сонгууль луйврын сонгууль байсан. Би тэгж харж байна. Яагаад ч тэр С.Эрдэнийг бүртгэчихсэн юм. Үнэнийг хэлэхэд Ардчилсан намыг жонхууруулж байгаа гол хүн нь С.Эрдэнэ шүү дээ. Муу л юм болвол Х.Баттулга руу чихээд байх юм байхгүй.
Жагсаал цуглаан хийж болно. Гэхдээ хуулийн хүрээнд. Тэнд ямар нэг үймээн самуун дэгдээж болохгүй. Жагсаал цуглааныг далимдуулж, архи уучихаад бусдын эрхэнд халдаж байгаа нөхдөд сануулж хэлэхэд талбай дээр маш олон тагнуул, цагдаагийнхан ажиллаж байгаа байх. Мөн ил, далд видео камерууд ажиллаж байгаа байх. 2008 оны долдугаар сарын 1-нд бас л жагсаал цуглаан хийж байгаад сүүлдээ орой болоход үймээн дэгдэж эхэлсэн. Тэнд байсан дэлгүүр хоршоог ухаж эхэллээ шүү дээ. Мөн тэнд 4, 5 хүн үрэгдэж, хүн амины хэрэг гарсан. Би очиж машинаа авсан. Тойрог дээр байсан миний машиныг аваад явсан байсан. Долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан, удирдсан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж шүү дээ. ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Д.Энхбат гэдэг нөхөр тэнд бас байсан. Мөн Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга нар байсан. Яг цагаа тулсан чинь нөгөөдүүл чинь зугтсан. Д.Энхбат чинь зугтаад нуугдчихдаг байна шүү дээ, аймшгийн! Тэгээд талбай дээр жагсаал цуглаан байгуулсан, хүмүүсийг турхирсан хамаг бурууг нь Ж.Батзандан, О.Магнай нар руу чихсэн. Би тэнд зүгээр очсоныхоо төлөө энэ нөхдийн өмнөөс хэлмэгдэж, нэг сар хоригдож байгаа юм. Зүгээр л жишээ. Ийм шударга бус байж болох уу.
Ер нь тэгээд ийм цагаан гартай, аймхай, бялдууч хүн Ерөнхийлөгч болоод яах гэж байгаа юм. Энэ чинь бас нэг өөр аавын хүү хийдэг ажил шүү дээ. Манай Х.Чойбалсан дарга тийм аймхай байсан бол хувьсгал хийх байсан уу, Д.Сүхбаатар жанжин тийм аймхай байсан бол хувьсгал хийх байсан уу. Тэд өөрсдийнхөө амь насаар дэнчин тавьж байгаад улс орноо өөрлчлөн шинэчилж, өөд нь татаад тусгаар тогтнол, эрх чөлөөг бидэнд үлдээгээд явсан шүү дээ. Би лав тэр Д.Энхбат гэдэг нөхрийг дэмжихгүй. Жагсаал цуглаан үймээн дэгдээчихээд айгаад, зугтаад бусад руу чихээд нуугдаж байсан хүн шүү дээ. Аймхайгийн туйл. Яаж тийм хүн Монгол Улсыг төлөөлөх юм. Тэр бүтэхгүй” хэмээлээ.