alim.mn | 2024.12.22
С.Эрдэнэ: Би яагаад ялагдсан шалтгаан цаг хугацааны явцад тодорно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр "Нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд манай улс байна. Ерөнхийлөгчид захиас хэлье. Сонгуулийн үеэр олон будлиан гарсан. Мөнгө тараасан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль хүчний байгууллагууд эдгээрийг шалгана байх. Нотлох баримт олон бий. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь гэж үүнийг орхигдуулж болохгүй.

Нийгэм, эдийн засаг ээдрээтэй байгаа үед У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг, амлалтаа бүү мартаарай. Үүсээд байгаа нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна.

Олон жил улс төрийн тогоонд хамт явсан хүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хатуу үг хэлж явсан удаа бий. Гэхдээ би СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч, дараагийн Ерөнхийлөгчийн ажилд амжилт хүсье. Надад саналаа өгсөн олон мянган иргэдэдээ маш их баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ Монголын ардчиллын төлөө зүтгэх болно.

Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүс бий. Би тэдний хүслийг биелүүлэхгүй. АН-ыг хагаралтай, хуваагдсан мэтээр ойлгуулдаг. Манай намд ийм зүйл  байхгүй. Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, улс төрийн намын даргын асуудлыг шийддэг хуультай болсон. Иймд хуралдааны тов хэзээ гарахыг би мэдэхгүй байна. АН-ын шинэ залуу даргаар М.Тулгатыг гишүүд сонгосон. Шинэ удирдлагууд ажлаа төлөвлөж байгаа боловуу. АН дандаа дардан яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна. Би үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зогссон. Би яагаад ялагдсан шалтгаан цаг хугацааны явцад тодорно. Та бүхэн сайн сайхныг хүсь" гэлээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ