alim.mn | 2024.12.23
Таван тэрбумын далд уурхайн музей биш өнөөдөр бидэнд чухал биш ээ, дарга нараа...

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ”Бидэнд  3.9 тэрбумын далд уурхайн музей биш 5.6 тэрбумын өрөм чухал байна” гэж хэлсэн. Улсад нэн чухал байгаа нефтийн өрөм авах гэхээр УУХҮЯ-ны зүгээс “Төсөв байхгүй...” гээд гэдийдэг гэнэ. Гэсэн атлаа Хэнтий аймгийн Бэрх тосгонд 5 тэрбум төгрөгөөр далд уурхай музей байгуулна гэнэ. Анх Хэнтий аймгийн Бэрх тосгонд далд уурхайн музей барихтай зэрэгцэн Газрын тос боловсруулах үйлдвэр өрөм авах хүсэлт тавьжээ. Энэ өрөм Монгол Улсад байвал 2-3 тэрбумын захиалгат ажлууд хийж нэг жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо судалгаа бий. Харин тэр далд уурхайн музей гэгч 70 жилдээ ч оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх нь юу л бол. Хачирхалтай нь, энэ өрмийн тухай яригдахаар Газрын тос боловсруулах үйлдвэрийг шуурхай удирдлага, шийдвэрээр хангах Шадар сайдын дэргэдэх ажлын хэсэг хуралддаггүй гэнэ.

Хэнтий аймгаас төрийн тэргүүн, ерөнхий сайд гарснаар тийшээ төсвийн хөрөнгө оруулалт цутгах болсон. Тухайлбал 2.2  тэрбумын хөрөнгөөр боссон гэх Хүлэг Боорчи андлалын өргөөний хөшөө олны шүүмжлэлийн бай болж байгаа. Нөгөө гаднаас 400 сая жуулчин авах Хэнтий аймаг коронавирусээс шалтгаалан дотоодоос хүн авахгүй гэдгээ зарлалаа.  

Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа. Уг ажилд зориулж улсын төсвөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2020-2021 онд нийт 5.0 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2020 онд 3.2 тэрбум төгрөг батлагджээ.

Уг батлагдсан төсвийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан. Эхний ээлжинд өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд шалгарсан “Хос болор” ХХК шалгарсан байна.

Мөн Бэрх тосгонд баригдаж байгаа “Сургалт судалгааны төв”-ийн барилгын засвар шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх “Хөх майдар” ХХК 211’009’147 /хоёр зуун арван нэгэн сая есөн мянга нэг зуун дөчин долоо/ төгрөгийн санхүүжилт УУХҮЯ-наас гаргуулан авч байгаа. Эмч нар нь цалингаа нэмүүлнэ гээд 8-9 хоног төв талбайд сууж байхад энэ мэт ажлыг  хийж байгаа нь төрт улсын эрх ашгийн эн тэргүүн эрх ашиг мөн үү?


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ