alim.mn | 2024.12.23
Нэг ч нислэг үйлдээгүй Сингапураас яаж МИАТ 2 тэрбумын шатахуун авсан бэ?

МИАТ-ээс хагас жил хүрэхгүй хугацаанд 2 тэрбум шахам төгрөгийг Сингапур дахь Uniline Pte.Ltd компани руу шатахууны мөнгө хэмээн шилжүүлсэн. Ингэхдээ энэ мөнгөний ихэнхийг 2021 он гарангуут 14-хөн хоногийн дотор шилжүүлсэн байна.

Төрийн өмчит МИАТ компани хагас жилийн өмнөөс гэнэтхэн Сингапурын компаниар шатахуунаа цэнэглүүлдэг болжээ. Харин Сингапур руу нислэггүй байгаа энэ үед тэндээс яаж шатахуун зөөгөөд байгаа нь сонирхолтой. Уг нь МИАТ-д Дамбын Хишигжаргалын “Монголиа Авиашн Фүел” ХХК, Ц.Анандбазарын “Сод Монгол” групп агаарын хөлгийн шатахуун худалдах, худалдан авах гэрээтэй.

Гэтэл цар тахлаас шалтгаалан агаарын хилээ ч хаасан, мөн гадныхан Монголчуудыг хилээрээ оруулахгүй гэж хатуурхаж байгаа үед  яагаад гэнэт гадны компаниас шатахуун авах болов. Бүтэн жилийн дотор 120-хон удаагийн нислэг үйлдсэн компани шүү. Гаднаас эх орондоо ирэхийг горьдож, МИАТ-ийн нислэг бүрийг бүлтийтэл горьдон хардаг монголчууд  Сингапураас тэрбум төгрөгийн шатахуун авах байтугай тийшээ нэг ч нислэг үйлдэгдээгүй байгаа гэдгийг андахгүй. Гэсэн ч 28 саяас эхлэн 250 сая төгрөг хүртэлх төгрөг 14 удаагийн гүйлгээгээр, түлшний зардал нэртэйгээр Сингапурт бүртгэлтэй Uniline Pte.Ltd компани руу 2 тэрбум шахам төгрөгийг шилжүүлжээ.

Өмнө нь МИАТ-т Дайны эрсдэлийн сан нэрээр мөнгө зувчуулсан хэрэг мандаж, шүүхээр шийдүүлснийг монголчууд мэднэ. Тэрчлэн Дайны эрсдлийн сангаас мөнгө угаасан хэрэгт холбогдон шүүхээс 13 жилийн ял сонсож явсан Ч.Хоролсүрэн эргээд иржээ. Шоронгоос суллагдсан Ч.Хоролсүрэн Канадад амьдарч байгаа. Хүнд өвчтэй гэж зарим эх сурвалж дурддаг. Харин нутгийнхаа дүүг Зам тээврийн сайд, Шадар сайдаар томилогдсоны дараахан Ч.Хоролсүрэн Монголд ирсэн сурагтай.

Ч.Хоролсүрэн Монголд ирж, хуурай дүү нь Шадар сайд болсны дараахнаас дээрх Uniline Pte.Ltd гэгч Сингапурт бүртгэлтэй компани руу “шатахууны зардал” гэх гүйлгээний утгатай мөнгө урсаж эхэлсэн нь хачирхалтай. Алдсан хүн 10 тамтай гэж энэ байх...Гэвч одоохондоо ажил төрөлгүй, гэртээ суугаа хүн яаж ч ийм юм хийж чадах билээ. Ихээ том, дээрээ татаастай, хажуудаа ханьтай бүлэг улс л энэ мөнгийг ингэж шилжүүлж чадна гэж таамаглаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.88.64
Шалгаач. Өөр өөрийнхөө түрийвчийг бодсоор байгаад эх оронгүй болох нв
Төстэй мэдээ