Өнөөдөр билгийн тооллын зуны адаг сарын шинийн 4-н, аргын 7-р сарын 14-ний өдөр Бурхан багшийн номын хүрд эргүүлсэн их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр буян номд шамдан хилэнцийг тэвчиж бусдын буянд даган баясах тэргүүтэн зөв үйлд хичээн өнгөрүүлвээс хураасан буян хэдэн бумаар арвижин, энэ насны элдэв барцад саад бүгд амирлаад эцэс хойч насандаа бурхны хутагт хүрэх буяны үрийг хураах ажээ.
Бурхан Багш төгс гэгээрэлд хүрснээс 49 хоног өнгөрсний хойно Эсрүн, Хурмаст тэргүүтэн тэнгэрс амьтны тусад номоо номлохыг дуртган айлтгаснаар зуны адаг сарын шинийн 4-нд Сарнат хэмээх газар хатуужил дияанд хамт сууж байсан Гадъяана, Ашважит, Вашпа, Маханама, Бхадрика гэх таван шавьдаа анхлан дөрвөн үнэний сургаалиа айлдсан бөгөөд таван шавь нь дөрвөн үнэний сургаалыг сонсон дайснаа дарсны үрийг олж Архад болцгоожээ.
Бурхан багшийн айлдсан дөрвөн үнэн
Хүний ертөнц зовлон зүдгүүрээр дүүрэн.
Амьдрах нь зовлон, өтлөх нь зовлон, өвдөх нь зовлон, үхэх нь зовлон.
Дургүй хүргэх хүнтэй учрах нь зовлон, хайртай хүнээсээ хагацах нь зовлон. Хүссэндээ хүрэхгүй бол мөн адил зовлон.
Аливаа юманд дасах нь зовлон.
Энэ бол зовлонгийн үнэн юм.
Ахуй орчлонгийн зовлон зүдгүүр, хүний санаа сэтгэлд цөмрөн ордог тачаал шуналаас үүддэг нь эргэлзээгүй.
Ертөнцийн тачаалын үндэс шунал нь асар хүчтэй хүслэнгээс ургана.
Энэхүү шунал амьдралд учиргүй дассанаас үүднэ.
Нүд харж, чих сонсож буй бүхнийг хүн хүсч эхэлдэг.
Тэр ч бүү хэл, үхэхийг ч хүсэх нь буй.
Энэ бол зовлонгийн учир шалтгааны үнэн юм.
Хэрэв ертөнцийн тачаал шуналын бүх үндэс язгуурыг устгаж, дасаж дадсанаасаа салж ангижирвал зовлон арилна.
Энэ бол зовлонг дарж устгахын үнэн мөн.
Зовлонгоос салахын тулд найман зөв зам мөрийг хөөх хэрэгтэй. Эдгээр нь:
1. Зөв үзэл
2. Зөв бодол
3. Зөв үг
4. Зөв үйл
5. Зөв амьдрах
6. Зөв тэмүүлэх
7. Зөв санаж дурсах
8. Ухаан санаагаа зөв төвлөрүүлэх болой.