Энэ явдал оны босгон дээр буюу 12-р сарын 30-нд Хойд Солонгосд болжээ. Хятадтай хил залгаа хойд Хымган мужийн Онсонг тойргийн нэгэн сууринд хоёр залуу гэр бүл амьдардаг байшинд гал гарчээ. Тухайн үед байшинд том хүн байгаагүй, хүүхдүүд үлдсэн байжээ. Гал түймэр гарсан даруй нэг айлых нь эхнэр хар хурдаараа гүйн ирж хүүхдүүд нь байгаа шатаж буй байшин луу дайран оржээ. Улаан гал дундаас тэрээр өөрийн хүүхдүүдийг гаргаж ирж чаджээ. Гэтэл энэ гавьяаных нь төлөө залуу ээжийг тэр дор нь баривчилсан байна. Учир нь тэрээр айл бүрд байдаг улсын гарамгай удирдагчдын хөргийг галд үлдээсэн байжээ. Тухайн айлд их удирдагч Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ир нарын хөрөг байжээ. Эмэгтэйн ярьсанаар удирдагчдын хөргийг аврах тухай бодол толгойд нь огт ирж ирээгүй агаад хамгийн түрүүнд хүүхдүүдээ л галаас гаргахыг бодсон гэнэ. Хойд Солонгосын хуулиар улсын удирдагч нарын хөрөг зураг нь хуулиар хамгаалагдсан төрийн билэгдэлд тооцогддог. Айл бүрд удирдагчдын хөрөг байх ёстой бөгөөд мөн хайрлан хамгаалах үүрэг хүлээдэг. Аливаа аюул тохиолдоход тухай обьектоос удирдагчдын хөрөг, баримал зэргийг хамгийн түрүүнд авран гаргах хуультай аж. Тухайн үед эмэгтэйн араас нэгэн залуу шатаж буй байшин луу орж нөгөө айлын хананд өлгөөстэй байсан удирдагч нарын зургийг гаргаж ирж чаджээ. Тэрээр шоронгоос дөнгөж суллагдаад орон нутгийн цагдаагийн хяналт дор ферм ажиллаж байсан ч энэ үйлдийнхээ төлөө тэр өдрөө л гэмт хэрэгтнээс үндэсний баатар болж чаджээ. Удахгүй одонгоор шагнагдахаар хүлээж байна. Харин галаас хүүхдүүдээ эхэлж гаргасан эмэгтэй урьдчилан хорих төвд хоригджээ. Удахгүй хуулийн дагуу шүүгдэх аж. Харин галд хүчтэй түлэгдсэн хоёр хүүхэд нь асран хамгаалах хүнгүй хоцорчээ. Хөршүүд нь эм тариа авч өгөн туслах санаатай байгаа ч ингэвэл удирдагч нарын хөргийг авраагүй гэмт этгээдийн хамсаатан гэгдэж магадгүй тул айн болгоомжилж байна.