Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор Татварын ерөнхий газар шилдэг татвар төлөгчдөө шалгаруулжээ. Шилдэг татвар төлөгч 10 иргэнээр Ж.Оджаргал, Л.Элдэв-Очир, Лу.Болд, Ж.Энхбаяр зэрэг тэрбумтнууд шалгарсан байна. Мөн “Гацуурт”-ын Чинбат бий. Тэдэн дунд ганц эмэгтэй байгаа нь Б.Уянга. Энэ бол “Орифлейм”-ийн Оюунгэрэлийн ганц охин.
Сүлжээний бизнест пирамидийн орой шиг дээр нь сууж байгаа хүн хамгийн их ашиг олдог гэдэг. Монголд анх “Орифлейм” компанийг оруулж ирж, оройд нь заларсан хүн бол Оюунгэрэл. Дэлхий сөнөнө гэж цуурснаас болоод Оюунгэрэл олны өмнө гарахаа болж, охин нь ээжийнхээ бизнесийг өвлөн авсан. Угаасаа Швед дэх “Орифлейм”ийн төв оффисоос Оюунгэрэл хатагтайг компаний нэр хүндэд халтай гэж үзэн ажлаа өг гэж шахсан гэх яриа гардаг. Тиймээс охин нь ээжийнхээ хураасан эд хөрөнгө, компанийх нь өв залгамжлагчаар өрсөлдөгчгүй тодорчээ.
“Орифлэйм”-ийн Оюунгэрэлийн охин Б.Уянга өнгөрсөн өвөл “Орифлейм” компанийн 60 гаруй улсын 3 сая брэнд түншээс манайх Дэлхийн топ 19-д эрэмбэлэгдлээ” гэж бахархалтай мэдэгдсэн. Орифлейм компаний сүлжээний бизнест манай 30 гаруй мянган иргэн ажилладаг гэдэг. Эхний 10-20 дугаар эрэмбэлэгдэх Топ захирлууд нь пирамидийн оройд сууж, дэлхийгээр хэсэн аялж, 30 мянган “орифлейчид”-ийн мөрөөдлөөр жигүүрлэдэг.
“Орифлейм”-ийн Оюунгэрэл өөрийгөө “Би дэлхийд цуурайтсан алдар хүндийг олж, өөрийнхөө санхүүгийн амьдралыг бүрэн цэгцэлчихсэн. Дэлхийн зургаан тивийн тавд нь очиж үзсэн. 100 шахам улсаар аялсан” гэж гайхуулж байсан. Амнаасаа болж, “Орифлейм” компанийг Монголд төлөөлөх нэр нүүрээ алдсан Оюунгэрэл хатагтай ихэвчлэн Энэтхэгт амьдардаг гэх. Харин охин нь Орифлейм компанид ээжийнхээ оронд зүтгэж, Монголын шилдэг татвар төлөгч иргэнээр Монголын толгой баячуудтай мөр зэрэгцэн шалгарлаа.