alim.mn | 2025.06.15
Нохой устгалд зориулж 2013 оноос хойш жил бүр 1.2 тэрбум төгрөг зарцуулж иржээ

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. 2013 оноос жил жил бүр золбин нохой муур устгахад зориулж 1.2 тэрбум төгрөг зарцуулж иржээ. Энэ онд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нохой, муур устгалын мэргэжлийн гурван компанитай хамтран ажиллаж байна. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулсан байна.

 Үүний 80 орчим хувь нь эзэнгүй, хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг аж. Устгалын үйл ажиллагааг Төрийн бус байгууллагын зургаан ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг. Тэд хүнийн хөдөлгөөн сийрэг үе буюу 05:00-10:00 цагийн хооронд ажилладаг. Иргэдийн дуудлагыг хүлээн авах утсыг ажиллуулж иргэдээс ирсэн санал гомдлын дагуу хяналтгүй, хүн зуудаг нохойг устгадаг  гэнэ. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг давтан тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг.

Нохой, муурыг буудаж устгахаас гадна дүүргүүдийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй нохой, мууранд үржил хязгаарлах мэс засал хийжээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ