Улстөрчид тухайн орныхоо дундаж цалингаас илүү гарч хувцаслах ёсгүй гэдэг дүрэмтэй. Тэгвэл манай дарга нар сая орчим төгрөгөөр хувцаслах хэрэгтэй болно. Харин манай төрөөс төрдөг тэрбумтан улс төрчид тэгж "доошоо" орохгүй. Харин зангиа, эсвэл ороолт алчуур нь нэг сая орчим төгрөг болно биз. Эрэгтэй гишүүдийн зүүсэн цаг, эмэгтэй гишүүдийн зүгээр нэг өдөр зүүсэн ээмгийг "сонжвол" 10 сая орчим төгрөгийн л цаг, ээмэг зүүлт зүүдэг улс. Тэд ядарсан ард шигээ "цайны ганц" гэдэг шиг ганцхан цаг, ээмэг, костюмтэй биш. УИХ-ын гишүүд дотроо бэл нимгэнд тооцогдох Шадар сайд асан Ө.Энхтүвшин гэхэд алтан цаг гялалзуулан чуулганы танхимд суудаг байсан. Цэвэрхэн гялалзсан шар нүүр, алтан цаг хоёрыг харвал манай дэлхийн хамгийн баян, амжиргааны төвшин дээгүүр улсын амгалан сайхан түшмэл байна гэмээр. Гараад гэр хороололд очиход амьдралын дүр зургийг ярих ч юм биш.
Мөн Улаанбаатар хотыг барилгажуулахад их хувь нэмэр оруулж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн цаг эд мэддэг хүний харааг булаана. Цаг нь дунджаар 125 мянган доллар гэж улстөрчид бооцоо тавих нь холгүй суудаг. Нэгэнт хамгийн ашигтай газар 10-20 давхар байшин барьж, талх шиг арилжиж суудаг хүний хувьд 125000 ам.долларын цаг зүүх нь гайхаад байх зүйл биш байх. Харин 2008 он хүртэл бараг хөлсний байраар шахуу явж байсан "Болор цом"-ын эзэн Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болонгуутаа амьдрал нь гэрлийн хурдаар дээшилсэн. Авсан байр орон сууцны үнэ нь ч ил болсон. Харин зүүсэн цагийнх нь үнэ цэнийг АН-ын дарга асан З.Энхболд хүртэл хэлж, хоорондоо хэрэлдэж суусан. 2000 онд оюутны байранд амьдарч, шүлэг зохиох, улс төр хийхээс өөр ажилгүй шахам явсан хүн ингэж огцом баяжна гэдэг аль үедээ хураасан буяны үр шим бол доо.