alim.mn | 2024.12.23
20,000 АМ.ДОЛЛАРЫГ 25 САЯ БОЛГОСОН АРИЛЖААЧИН
"Та бүхэн, миний түүхээс сайн арилжаа хийхэд хэзээ ч муу цаг үе гэж байдаггүйг харж болно"... гэж хэлсэн даруухан арилжаачныг Крисс Камилон гэдэг.
Тэрээр анх 20,000 ам доллартойгоор 2007 оноос хурвиараа арилжаа хийж эхэлсэн бөгөөд 2010 он гэхэд хөрөнгийн зах зээлээс 2 сая ам.долларын ашиг олсон байна.
Крисс өөрийн багцыг бүрдүүлэхдээ нийт хөрөнгийнхөө 20-40 хувийг нэг хувьцаанд оруулах буюу жилд цөөн тооны час хийсэн хөрөнгө оруулалт хийдэг. Тэрээр 3 жилийн хугацаанд 8-9 удаа арилжаа хийсэн бөгөөд арилжаа бүрт дунджаар 3 орон бүхий хувийн ашигтай ажиллажээ.
Хөрөнгө оруулалт хийхэд тэвчээр хамгийн чухал гэдгийг онцолдог түүний арга барилын нууц юунд байв?
Түүний арга барилыг энгийнээр тодорхойлбол, энгийн амьдралын хэвшсэн тоглоомын дүрмийг өөр өнцгөөс харж, өөрчлөлт авчрах бүтээгдэхүүнийг таних замаар хөрөнгө оруулалт хийдэгт оршдог. Ялангуяа Валл Стрийтийн шинжээчид тухайн компанийг анзаарахаас өмнө түрүүлж хөрөнгө оруулснаар том давлагааны өмнөхөн өөрийн суудлаа эзэлчихээд дараа нь өндөр ашиг хүртдэг байна.
Өөрөөр хэлбэл, та өөрийн хэрэглэдэг саван, шампунь, үйлчлүүлдэг коффи шопийн аль нь сайныг өндөр барилгад мэдээ уншин суугаа санхүүгийн мэргэжилтнүүдээс илүү мэднэ шүү дээ. Тиймээс түүний сонгосон хувьцааны ханшийг Валл Стрийтийн залуус хэдэн өдөр, долоо хоног, сарын дараа анзаарч эхлэхэд хувьцааны ханш нь тэнгэрт хөөрдөг байна. Улмаар телевиз радиогоор яригдаж эхэлснээр ханш нь оргилдоо хүрэх үед Крисс ашгаа авч гарах нь оновчтой гэж үздэг.
Крис “Нэг удаа найз маань “Өлсгөлөн тоглоом” номыг бүх найзууд маань уншсан. Хэрвээ кино хийвэл Харри Потероос илүү амжилт олох байх” гэж хэлсэн. Би энэ номыг хэзээ ч уншиж байгаагүй болохоор Харри Потероос илүү алдарт хүрнэ гэж төсөөлөөгүй ч уншиж үзээд үнэмшсэн юм.
Улмаар уг зохиолоор өмнө нь хэзээ ч блокбастер буюу олон нийтийг шуугиулсан кино хийж байгаагүй Lionsgate компани кино хийх гэж байгааг мэдээд хөрөнгө оруулсан. Кино амжилттай болсноор Lionsgate-ийн хувьцаа 2 дахин нугарсан юм... гэж дурсан ярьжээ.
Өөрөөр хэлбэл, Валл Стрийтийн залуус ашигтай боломжийг нээх гэж олон сар хоцордог учраас танд ч бас тэднээс өрсөх боломж байна.
2021 оны байдлаар Криссийн хөрөнгө 25 сая ам.доллар давжээ.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ