Төрийн өндөр албан тушаалтнууд ХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил эхэлж байна. Улсын хэмжээнд 40 гаруй мянган төрийн албан хаагч ХОМ-ээ АТГ-т гаргаж өгдөг. Төрийн тэргүүн Х.Баттулгын хувьд тангараг өргөх үед мэдүүлсэн өөрийн орлого нь 130 сая төгрөг байсан. Тэр нь 19.1 сая болтлоо буурчээ. Гэр бүлийн орлого нь ч 31.2- саяас 24 сая төгрөг болжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга орон сууц нэг, бусад төрлийн барилга байгууламж нэгтай гэж мэдүүлсэн нь өөрчлөгдсөнгүй. Монголын тэргүүн баяны нэг Х.Баттулга нэг тээврийн хэрэгсэлтэй. Тэр нь Lexus 570 машин. Мал ахуйн тухайд 12 саяар үнэлэгдэх адуу нэг бий хэмээн өмнө мэдүүлсэн нь өөрчлөгдөөгүй байна. Гэхдээ ганц морьт уралдаач гэгчээр тэр нь хурдан удмын морь гэнэ. Төрийн тэргүүн Х.Баттулга өмчлөх эрх бүхий 384 ам метр газар, 35 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, гурван сая төгрөгийн хадгаламжтай, авлагагүй, зээлгүй юм байна. Харин УИХ-ын дарга асан М.Энхболдын орлого нь 27 сая төгрөгөөр өсөж 118.1, гэр бүлийн орлогын нийт дүн 50 сая төгрөгөөр буурч 67.6 сая болсон байна. Мөн орон сууцны тоо хоёр байсан нь гурав болон нэмэгджээ. Хадгаламж дахь мөнгө нь ч 483.2 саяас 597.4 сая төгрөг болж өсчээ. Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, хувьцааны тоо, ногдол, хувь огт хөдлөөгүй байна. УИХ-ын дарга асан М.Энхболд 300 адуугаа 900 саяар үнэлсэн нь бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд орлого нь 15 сая төгрөгөөр өсөж 160 сая хүрчээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1 тэрбум 694 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн. Путин шиг автомашинд сонирхолтой хурандаа У.Хүрэлсүх 284 саяар үнэлэгдэх тээврийн хэрэгсэлтэй. Тэр дотор Harley davidson, Lexus-570, Mersedes benz ML320 зэрэг машин мотоцикль нь гаражид нь чимэг болоод байж байдаг бололтой.