Хижээл насны филиппин эхнэр нөхөр хоёр олон хүүхэдтэй, тарчигдуухан амьдралтай байжээ. Эхнэр нь худалдагч, нөхөр нь ачигч зэрэг цагийн ажил хийж үр хүүхдүүдээ тэжээдэг. Амьдардаг байшин нь монгол жишгээр навсархай гэр гэхэд болно. Хэдий хүндхэн амьдральтай ч бүтэн өнчин Жайви Лазор Бадиле гэдэг хүүг өргөж авчээ. Хүүгийн шинэ гэр бүл байнга мөнгөөр дутагддаг. Байшингийн дээврээс нь дусаал гоождог, бас угаалгын өрөө, жорлонгүй тул гадагшаа гарч бие засдаг байжээ. Өргөмөл хүү идэж уух, өмсөж зүүхээр дутах үе байсан ч хайр халамжаар дутаж байсангүй гэнэ. Тэднийхэн багахан мөнгөөр тэтгэдэг амьдралынхаа бүх зүйлийг энгийнээр хүлээн авч эв найртайгаар хүртэж иржээ. Жайви хүү сурлага сайтай тул дунд сургуулиа төгсөөд тэтгэлэгт хамрагдан их сургуульд элсэж чаджээ. Их сургуульдаа мэдлэг чадвараараа тодорсон тул нэгэн том компаний анхааралд өртөж төгсөнгүүт нь ажлын санал ирсэн. Залуугийн ажилдаа гаргасан эрч хүч, идэвхи санаачилга тэр дороо үнэлэгдэж тун удалгүй компанийхаа ерөнхий менежер болон дэвшжээ. Үүний хамт өндөр цалин, санхүүгийн их боломж өмнө нь нээгдсэн. Гэсэн ч Жайв тэр бүхнийг ганцаараа эдлээгүй агаад хамгийн түрүүнд өргөж авсан эцэг эх, гэр бүлдээ зориулжээ. Эцэг эхээ өмнө нь очиж үзэхийг зөвхөн мөрөөддөг л байсан Австрали, Шинэ Зеланди болон Дубайгаар аялуулжээ. Гэхдээ гэр бүлдээ барьсан хамгийн том бэлэг үлгэрийн мэт тансаг байшин байсан. Өмнө нь навтгар тагзанд амьдарч байсан бол өдгөө долоон унтлагын, дөрвөн ариун цэврийн өрөөтэй гурван давхар, хаусанд гэр бүлээ оруулжээ. Жайв гэр бүл нь 2009 онд болон 2019 онд Зул сарын баярыг хэрхэн тэмдэглэж байсныг зургаар харьцуулан оруулжээ.