Д.Сумъяабазар: Богд уулын аманд дахин газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Зайсан, Яармагийн зам болоод Богд уулын ам орчимд газрын асуудал их бий. БОАЖЯ нь аялал, жуулчлалын нэрийн дор баахан газар олгочихдог. Тэнд барьсан байшин, барилга нь эцсийн дүндээ нийслэлийн дэд бүтэц, зам, түгжрэлд маш их ачаалал өгдөг. Барилга барьснаас үүдсэн хог хаягдал зэргийг нийслэл, дүүрэг нь шийдэх шаардлагатай болдог. Тэгэхээр энэ ойлгомжгүй, эзэнгүй асуудлыг яаж шийдэх вэ. Мөн байшин, барилгын стандартыг шинэчлэх асуудал бол маш зөв зүйл. Тэгэхгүй бол байшин, барилгын дунд жаахан сул газар гараад ирвэл нэг нь очоод барилга барьдаг. Өмнө нь барьсан байрныхаа нар, салхийг нь хаагаад, орц гарц ч хангалтгүй болдог. Иргэдийн байр, сууцыг үнэгүйдүүлээд байна. Энэ асуудлыг нийслэлээс сонгогдсон гишүүд маш яаралтай анхаарч ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Харин үүнд Хотын дарга Д. Сумъяабазар “Горхи, Тэрэлжийн бүс нутгийг аялал жуулчлалыг хөгжүүлэх, ялангуяа олон улсын шинжтэй арга хэмжээ зохион байгуулах бүс байгаасай гэж бодож байгаа. Тэгэхээр зуслангийн бүс, Горхи, Тэрэлжийн бүс нутгийг дахин төлөвлөлтөд оруулмааргүй байна. Харин стандартыг нь зааж өгөөд, дүрэм журмыг мөрдлөг болгомоор байгаа. Богд уулын ам, Туул голын эрэг, Яармаг орчмын газар бол хот болоод БОАЖЯ-ны маргааны гол цэг болдог. Үеийн үед л ийм байсан. БОАЖ-ын сайд нь газар олгочихдог, харин нийслэлийн зүгээс нэгдсэн журмаар олгох ёстой гэдэг. Дунд нь иргэд хохироод үлддэг. Үүнийг УИХ-ын дарга болоод холбогдох албаныхантай ярилцаж, хэлэлцээд цэгцлэх хэрэгтэй байна. Бидний зүгээс шаардлагатай материалаа илгээсэн бөгөөд үргэлжлүүлэн УИХ-аар хэлэлцэх байх. Нийслэлийн зүгээс бүх хил заагийг тодорхой заагаад, дахин Богд уулын аманд газар олгохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлж байна. Дархан цаазтай газрын асуудлыг хатуу хуульчлах хэрэгтэй. Мөн Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдтэй нийлээд Туул голын эрэг орчмыг тохижуулах төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хотын зүгээс зургаан байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийхээр баталж, зураг төслийн ажил нь энэ сарын 16-нд бэлэн болсон. Тус зургаан байршилд стандартын дагуу, иргэдийн ая тухтай амрах, салхилах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхээр зорьж байна” хэмээн ярилаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ