Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлж байгаагаа зарлаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байна. Тухайн үед УИХ дахь АН-ын 11 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хэмээж байв. АН-ын бүлгийн 11 гишүүнээс гадна МАН-ын дөрвөн гишүүн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Т.Доржханд нар гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл цацагдаад байна.
Тэгвэл С.Ганбаатар энэ талаар өөрийн цахим хуудсандаа дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр “Хүний гараар могой бариулж, хүзүүний махаар шөл уулгах гэгчээр Сү.Батболд миний гараар Оюукийг унагаж, Оюутолгойн луйвраас хуурай гарахаар том хүч гаргаж эхэллээ. Хүүк, Оюукийн Засгийн газар ковидод ялагдсан хар мөртэй ч Оюутолгойг Монголд авчрахын төлөө Сү-ийн бүлэглэлтэй тэмцэж байгаа анхны Засгийн газар. Ковидод ялагдаж, монголчуудыг туйлдуулсных нь төлөө хариуцлага тооцох тухай ярьсныг минь Сү овжиноор ашиглаж Оюукийн Засгийн газрыг унагахаар МАН-д том тохироо хийж байна. Оюутолгойг монголчууддаа авчрахын төлөө би Сү-ийн бохир явуулгыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн бичжээ.