alim.mn | 2025.06.16
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга Б.БАТБОЛД: Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг
-Зам дээр цагдаа зогсохоор зам илүү түгжирдэг гэсэн ойлголт нийтийн дунд бий. Цагдаа нар зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ?
-Өнөөдөр Улаанбаатар хотын 1000 гаруй км авто замд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ нь өндөр ачаалал үүсгэх нь тодорхой. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гэрлэн дохионы удирдлага болон цагдаагийн биет зохицуулга гэсэн хоёр хэлбэрээр зохицуулж байна. Зохицуулалт хяналтыг замын цагдаагийн байгууллага хийсээр ирсэн. 20 хувь нь гэрлэн дохионы, үлдсэн 80 хувь нь цагдаагийн зохицуулалт байдаг. Үндсэндээ 80 байршилд цагдаа ажиллуулж байгаа. Ачаалал үүссэн газарт цагдаа ажиллаж байхад ачаалалгүй замаас ирсэн жолооч энэ ачааллыг цагдаа үүсгээд байна гэж хардаг. Харин ачаалал дунд байгаа жолооч, зорчигч бол ойлгодог. Тэгэхээр цагдаагийн ажилтан замыг түгжрүүлнэ гэж ажил хийхгүй нь ойлгомжтой. Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг. Тэд зөвхөн замын түгжрэл буруулахаас гадна хориотой эд зүйл тээвэрлэж буй эсэх, хууль дүрэм зөрчсөн эсэх зэрэг 30 орчим төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг давхар хянадаг. Бид цаашид хяналтын системийг цахимжуулна. Алба хаагчдыг тос шороотой гудамж, замд хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь эрсдэлтэй байна. Бусад орны хувьд ч хяналт шалгалт нь цахимжсан байна. Монголын цагдаа л зам дээр ажиллаж байна. Энэ бүхэнд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудал шийдэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үүнд бид бүгд баяртай байна. Түүнчлэн иргэдийг хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болгоход анхаарах учиртай. Өнөөгийн Улаанбаатарт автомашины тоо байнга нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Гадаадаас ирж буй иргэд бараг цөмөөрөө машин авч унаж байна. Мөн ид ачааллын үе буюу найм, есдүгээр сард орон нутгийн иргэд хотод ирж, оюутан, сурагчдаа товхинуулах үүднээс ачаалал үүсгэж байна. Яг өдийд 100 мянга орчим машин хөдөөнөөс хотод ирж зорчдог гэсэн тооцоо бий. Энэ хэмжээгээр замын цагдаагийн ачаалал нэмэгддэг.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ