Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.БАТЗОРИГ: Нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай

-Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Яагаад заавал таван цогц арга хэмжээ юм бэ?
-Нийслэлийн Засаг дарга удирдлагын багийнхантайгаа ажиллаад арван сар болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг тодорхойлж, ирэх жилүүдэд хийх ажлуудаа томьёолсон. Энэхүү томьёололд авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, стандарт, хүрэлцээг сайжруулах хэрэгтэй гэсэн судалгаа гарсан юм. Судалгааг Засгийн газарт танилцуулсан. Засгийн газраас энэхүү асуудалд онцгой анхаарч, УИХ дээр хүртэл Түр хороо байгуулсан. Энэ бүхэн дээр үндэслээд таван үндсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Юун түрүүн Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах үүднээс 26 дэд төв байгуулна. Үүнээс зургааг нь байгуулаад явж байна. Хоёрдугаарт, авто замд өргөтгөл, шинэчлэл хийнэ. Саяхан баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан хот дүрэм, стандартаа өөрөө зохион, дагаж мөрдүүлэх эрх зүйн чадамжтай болсон. Энэ дагуу замаа өргөтгөнө. Улаанбаатар хот одоогийн байдлаар 1156 км замтай. 1.6 сая хүн ам цаашдаа хурдацтай өсөх юм бол бидэнд шаардлагатай зам 3000 км боловч нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай. Үүнээс замын түгжрэлийг сааруулахад туслах 223 км зам, зургаан нүхэн гарц, долоон гүүр, гүүрэн байгууламж, 73 км гол ба туслах зам, 71 км тойрог, холбоос буюу хороолол доторх зам 73 км-ыг барьж байгуулах юм. Ингэхдээ гурван үндсэн эх сурвалжаас санхүүжүүлнэ. Мөн 500 гаруй камер, 400 гаруй гэрлэн дохиог шинэчилнэ. Гурав дахь цогц асуудал бол нийтийн тээвэр. 2009 оноос хойш нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээгүй. Тэр үед авсан 400 автобусны хугацаа 12 жил болж байх жишээтэй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобус компаниудад тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Нийтэд үйлчилж буй автобуснуудын 28 чиглэл ямар нэг байдлаар давхацдаг гэсэн судалгаа бий. Энэ мэтийг цогцоор нь шинэчилнэ. Мөн өргөн хүрээний шинэчлэл бол хууль эрх зүйн хүрээний шинэчлэл. Улаанбаатар хот нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актуудтай болно. Зарим нэг зогсоол, замуудыг эрэмбэтэй, төлбөртэй болгох гэхчлэн төлөвлөсөн зүйл олон байна. Энэ бүгдийг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ.
-Хичээлийн шинэ жил, томоохон баяр ёслолоор авто замд тэг зогсолт бий болдог. Энэ жилийн ид ачаалал эхлэх гэж байна. Яг одоо ямар арга хэмжээ авах вэ?
-Ирэх жилүүдэд бидний хийж хэрэгжүүлэх ажлууд эргээд хүндрэл учруулж болох юм. Гэвч алсын өгөөж нь их гэдгийг урьдчилан хэлэх хэрэгтэй байх. Замуудаа эрэмбэлээд эхэлнэ, эрэмбийн дагуу төлбөрт системд шилжинэ. Юун түрүүн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна. Төлбөр, хураамж, торгууль, хариуцлагын механизмаас гадна урамшууллын механизмыг ч мөн хэрэгжүүлдэг болно. Энэ болгоныг схемчилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хүрээнд энэ онд 100, ирэх онд 300 автобус оруулж ирнэ. Мөн багтаамж ихтэй шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус, хувийн хэвшлийнхэн маань ч нийтийн тээвэрт хөрөнгө оруулдаг байхад анхаарна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.126.92.99
Зөв өө. Амжилт.
Төстэй мэдээ