
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Андлалын өргөөг нурааж эхэлсэн талаар мэдээлэл хийж байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Андлалын өргөөний зураг төслийг уран барималч УГЗ Д.Эрдэмбилэг гуай зохиосон. БОАЖЯ, тухайн ажлыг гүйцэтгэгч Хос санаа компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажил явагдаж эхэлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явагдаж байх үед нас барсан.
Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжүүлэх боломж байгаа эсэх талаар үйл ажиллагаа явуулсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан юм.
Оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Иймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс Хос санаа компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан байгаа. Мөн тухайн гэр бүлээс БОАЖЯ-нд Андлалын өргөөг буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандлаа. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг Хос санаа компани буцаан төвлөрүүлсэн. Нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй байгаа. Андлалын өргөөг нураахтай холбоотой зардлыг улсын төсвөөс гаргахгүй" гэлээ.