Алдарт “Disney”-гийн өв залгамжлагч Абигейл Дисней, “Celtel” компанийг үүсгэн байгуулагч Мо Ибрагим, “Unilever”-ийн захирал асан Пола Полман нарын 121 саятан, тэрбумтан нар хэтэрхий бага татвар төлж байгаагаа эсэргүүцэж олон нийтэд нээлттэй захидал илгээжээ. “Patriotic Millionaires” буюу “Эх оронч саятнууд” гэдэг байгууллагад нэгдсэн тэд захидалдаа “дэлхий нийтийн хямралыг даван туулахын тулд өөрсдийн хөрөнгөний нэг хувиар татвар төлөхөд бэлэн” гэдгээ мэдэгджээ. Мөн газар сайгүй тарсан тэгш бус байдал, нийгмийн ялгааны нэг буруутан нь хэт их хөрөнгө хураасан, цуглуулсан хүмүүс мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Нээлттэй захидалд “... ийм учраас бид бусад саятан тэрбумтан нарт баячуудад оноодог татварыг нэмэгдүүлэх хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна. Түүнчлэн татвараас нуугдах, зайлсхийх явдлыг багасгахын тулд татварын системд шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна” гэжээ. “Эх оронч саятнууд”-ын мэдэгдсэнээр татвараас нуугдах, зайлсхийх нь хэрээс хэтэрсэн гэжээ. Тэдний тооцоогоор дэлхийн баячууд, томоохон корпораци, компаниуд нь найман их наяд долларыг татвараас нууж чадсан гэнэ. “Эх оронч саятнууд” саятнууд баячудын татварыг нэмэх саналаа саяхан болж өнгөрсөн Давосын чуулганд мөн илгээсэн гэдгээ мэдэгджээ.