Өнгөрсөн хавар Францын нийслэл Парис хотын зүрхэнд орших 850 жилийн түүхт Нотр Дам буюу “Парисын Эх дагины сүм”-д гал гарсан. Тэр үеэр "Louis Vuitton”, “Sephora” зэрэг брэндийн эзэмшигч Бернард Арнолтын гэр бүл 200 сая евро хандивласан. Мөн Мексик жүжигчин Сальма Хайкийн тэрбумтан нөхөр 100 сая евро хандивласан юм.
“Парисын дарь эхийн сүм” галд өртөж, сүмийн дээвэр хэсэгт шатан, улмаар бусад хэсгүүдэд тархсан. Энэ гал тухайн үед сүмд хийгдэж байсан засварын ажлын үеэр гал алдсанаас алдарт сүм шатсан байж магадгүй гэж байна. Нотр Дамын сүмд 6.8 сая ам.долларын өртөгтэй сэргээн засварлах ажил хийгдэж байсан гэнэ. Парис хотын дарга Анна Идальго твиттертээ “Сүмд хадгалагдаж байсан гол урлагийн бүтээлүүд болон үнэлэгдэшгүй ховор шашны эд зүйлсийг хамгаалж чадсан” гэж ам бардам хэлж байлаа. Галыг унтраасны дараа Ерөнхийлөгч Э.Макрон “Нотр дам сүмийг сэргээн засварлах ажилд зориулж хөрөнгө босгоно” гэдгээ амласан. Ингээд хэд хэдэн хувь хүн, байгууллага хандив өгөхөө зарлаж, ганцхан хоногт сая, сая евро цугларсан.
Хамгийн түрүүнд “Gucci”, “Yves Saint Laurent” зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг “Кering” группын ерөнхий захирал, тэрбумтан Франсуа Анри Пино сүмийг сэргээн засварлахад зориулж, 100 сая еврог хандивлахаа мэдэгджээ. Энэ тэрбумтан Холливудын алдарт жүжигчин Сальма Хаекийн нөхөр гэдгийг дэлхий дахин андахгүй. Үүний дараа “Louis Vuitton”, “Sephora” зэрэг брэндийн эзэмшигч Бернард Арнолтын гэр бүл 200 сая евро хандивлахаа зарласан байна. Парисын тэрбумтнууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, түүх соёлоо дээдэлдэг нь энэ үйлдлээс харагдана. Гэтэл манайд байдал ямархуу байгаа билээ. Богд хааны музейн газрыг хашаалаад авчихсан, хажууд нь байшин барина гээд сууж байгаа тэрбумтан байна. “Шаварт унасан шарын эзэн” хүчтэй гэгчээр хөөрхий Богд хааны музейн ажилтнууд, мэргэжилтнүүд “Богд хааны музейн ойролцоо газар ухаж, доргиож болохгүй. 100 гаруй жил болсон Богд хааны ордон үүнээс болж, нурж цуурах аюултай” гэдэг ч ёстой нохой хуцахын чинээ тоосонгүй. Том том барилга тойрон сүндэрлэж, Богд хааны музейн ойролцоох газар томоохон тэрбумтны мэдэлд алгуурхан шилжсээр. Чойжин ламын сүмийн хаалгыг хааж, Монголын томоохон бизнесмэн хаусаа барьчихсан. Музейн ажилтнууд хэлээд дийлээгүй. Эцэст нь гурван шатны шүүхийн шийдвэр гарч байж, эцэст нь албадан буулгалаа. Манай тэрбумтнууд музейг сэргээн засварлахад мөнгө төлөхгүй ч гай болохоо болиоч ээ. Мөн манайдаа л үзэх үзвэр ихтэй ганц музей Байгалийн түүхийн музей үүд хаалгаа бариад удсан. Уг музей хаагдсан шалтгаан нь барилгын ажилтай холбоотой. Гадаадынхан хөрөнгө оруулалт хийж, засварын ажлыг хийнэ гэж мэдэгдсээр байтал эрх баригчид хүч түрэн нураасан.
Харин манай тэрбумтнууд таг чимээгүй, гадаадад казинодоод байшингийн үнэтэй гутал өмсөж, хаусны үнэтэй машин уначихаад гадаадад шоппинг хийж хамаг мөнгөө гадагш урсгаж байгаа. Уг нь байгалийн түүхийн музей танин мэдэхүйн хувьд хүүхдүүдэд их ач холбогдолтой. Нийслэлчүүд ан амьтдыг амьдаар нь харж чадахгүй. Тэгвэл үр хүүхэддээ тэдгээр амьтдын дүрийг харуулж, танин мэдүүлэх боломжтой үзмэрүүд энэ музейд л байдаг. Байшин нь ч50 гаруйхан настай манайдаа л өвөрмөц дизайнтай Улаанбаатарын унаган төрхийг хадгалсан байшин алга боллоо. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон шиг ерөнхийлөгч, Парис хотын дарга Анна Идальго шиг "нийслэлийн амбан", Louis Vuitton-ий эзэн шиг тэрбумтан манайд ч байсан болоосой.