
Индонезийн Нийгмийн хамгааллын сайд Жулиари Батубара Ковид-19 цар тахалтай холбоотой олон сая долларын авлигын хэргийн улмаас 12 жилийн хорих ял сонссон болохыг Жакарта хотын Авлигын гэмт хэргийн шүүх байгууллага мэдээлжээ. Түүнийг Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулагдсан бараа, бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааны үед бусдаас 32.4 тэрбум рупи (2.25 сая доллар) хахууль авсан “авлигын гэмт хэрэгт гэм буруутай” болохыг тогтоосон хэмээн шүүгч мэдэгдсэн юм.
Тендер сонгон шалгаруулалтад хөндлөнгөөс нөлөөлсөн түүнд шүүхээс мөн 500 сая рупигийн торгууль оногдуулж, хувьдаа завшсан 14.5 тэрбум рупийг буцааж төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Жулиариг 12 жил хорих ял эдэлсний дараагаар дөрвөн жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг хассан шүүхийн шийдвэр гарчээ.
Жулиари өөрийгөө гэм буруутайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүний өмгөөлөгч Макдир Исмаил прокурорын яллах дүгнэлтэд дурдсан ялын хорих ялын хэмжээг нэг жилээр нэмэгдүүлж хорих ял оноосон явдлыг хэт хатуу гэж тодорхойлжээ.
Индонезийн Авлигатай тэмцэх комисс (KPK)-оос 2020 оны 12 дугаар сард Жулиариг дөрвөн хүний хамт энэ хэрэгт сэжигтнээр татаад байсан юм. Тухайн үед Авлигатай тэмцэх комиссын мөрдөн байцаагчид Нийгмийн хамгааллын сайд Жулиарийг баривчлахаас нэг өдрийн өмнө түүний нуун далдалсан 1 сая гаруй ам.долларын бэлэн мөнгийг илрүүлж байсан юм.
Ерөнхийлөгч Жоко Видодо 2014 онд авлигын эсрэг тэмцэхээ амлан сонгогдсон бөгөөд түүнээс хойш хэд хэдэн өндөр түвшний улстөрчид авлигын хэргээр хорих ял сонсоод байна.