Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагч 2021” зөвлөлдөх уулзалтад оролцогчдын хэлсэн үгээс онцолж байна.
"Буян" компанийн захирал Б.Жаргалсайхан “Энэ уулзалтыг жил болгон зохион байгуулж байх үр дүнтэй гэж харж байна. Би хэдэн зүйл хэлье.
Өнөөдөр бидний амьдралд цар тахлаас илүү саад болж байгаа нэг зүйл байна. Энэ бол улс орон даяар хавтгайрсан архидалт. Ажил хийдэг хүн алга. Цалингаа авна. 2-3 долоо хоногоор архидаад алга болдог. Герман улсад архины онцгой татвар манайхаас 60 хувиар өндөр юм билээ. Хөдөө, хотгүй бүгд согтуу. Төрийн албан хаагчид нь чөлөөт цагаараа энэ хэдэн уулын аманд согтуу. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Үүнээс ажлаа эхэлье.
УИХ-ын даргад хандаж спиртийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх хууль санаачилж, яаралтай хэлэлцэж өгөөч гэж хүсье.
Улсын төсөв хэмжээтэй. Цалин нэмье гэдэг. Гэтэл Монгол Улсын төсөв 3.5 сая ам.доллар. Тэгэхээр яаж цалин нэмэх үү. Тиймээс энэ жилээс эхлээд улсын төсөв батлахдаа орон нутгуудыг төсвийнхөө 50 хувийг татвараар бүрдүүлүүлдэг болъё. Нэгдсэн төсвөөр бүх юмаа даалгадгаа олоо больё. Аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал гээд бүгд улсын төсвөөс халбагдаж байдаг. Гэвч эргээд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулдаггүй.
Гуравдугаарт, ачаа тээвэр саатсанаас болоод өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Үүнийг шийдэх хэд хэдэн санал байна. Нүүрс, төмрийн хүдрээ зөөж гаргаад буцахдаа хоосон ирж байна. Тиймээс төмөр замын ачаа тээврийг хоёр талдаа ачаатай явуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд Хятадын тал өдөртөө манай ачааг явуулна. Яагаад гэвэл өөрийнхнөө үйлдвэрлэлийг зогсоохгүйн тулд.
Экспорт нэмэгдэхгүй байгаа шалтгаан юу вэ. Нүүрсний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байхад 20 сая тн л гаргаж байна. Бид үүнийг нэмэгдүүлэхийн тулд чөлөөт бүс байгуулж, хил боомтоо цэгцлэх хэрэгтэй байна.
Мөн бид худалдаа, эдийн засаг хөгжлийн яам байгуулах шаардлагатай байна. Гэхдээ би тэр яамны сайд болохгүй шүү. Санал хэлэхээр өөрөө сайд болох гэж байна гэнэ. Бид гадаад орнуудтай худалдаа хэлэлцээр хийдэг ч гаднын орнуудад л ашигтай байна" гэв.