ХОТШ БАНК РУУ ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН 125.000 АМ.ДОЛЛАР ХУЛГАЙД АЛДАГДСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН ЭРХЭМ
Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Буянтогтохын Энх-Амгалан нь эрүүгийн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа олон зуун хүнд хэргийг ур чадвар гарган илрүүлж байжээ. Тухайлбал 1993 онд Швейцарийн "Suisse" банкнаас Монгол улсын ХОТШ банкруу зузаатгалын мөнгө нэртэйгээр илгээсэн мөнгийг тээвэрлэх явцад 125 мянган ам.доллар алдагдсан хэргийг С гэгч этгээд үйлдсэнийг шуурхай илрүүлсэн.
Мөн 1995 онд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу очиход манаачийн байранд үл таних эмэгтэй шатсан байдалтай нас барсан хэрэг дээр ажиллаж уг эмэгтэйг хэн болох, тухайн хэргийг санаатай хүн амины хэрэг болохыг тогтоон уг хэргийг үйлдсэн эзэн холбогдогчийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн, 1994 онд Дундговь аймгийн "Эхлэл" нэгдлийн складыг галдан шатааж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг М гэгч этгээд үйлдсэнийг, 2006-2011 оны хооронд Их дээд сургууль, улсын цэцэрлэгүүд, хорооны засаг даргын өрөө, намын байрууд, интернэт кафе, ломбард, алт мөнгөний дэлгүүрүүд зэрэг олон объектод хулгай орж эд зүйл, их хэмжээний үнэт эдлэл бэлэн мөнгө алдагдсан гэх нийт 127 хэргийг А,Б,Б нар бүлэглэн үйлдсэнийг илрүүлж байсан байна.
Энэ мэтчилэн жинхэнэ мэргэшсэн эрүүгийн төлөөлөгчийн хурц ухаан, ажигч гярхай, хурдтай логик сэтгэлгээгээр аливаа үйл явдал, асуудлыг ул суурьтай шуурхай шинжлэн судлаж, дүгнэж чаддаг гоц авъяасаараа тухайн хэрэг бүрийг шуурхай, тууштай шалгадаг хөдөлмөрч зан чанар болон мэргэжилдээ эзэн болсныг нь илтгэх бодит жишээ түүнд тоолоод баршгүй билээ.
Цагдаагийн дэд хурандаа Буянтогтох овогтой Энх-Амгалан нь 1959 оны 12 сарын 10-нд Завхан аймагт төрсөн. Дээд боловсролтой, хуульч эрх зүйч мэргэжилтэй.
1981 онд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны цэргийн тусгай дунд сургууль, 1988 онд ЗХУ-ын дотоод явдлын яамны Волград хот дахь мөрдөн байцаах ажилтныг бэлтгэх сургууль, 1991 онд Цагдаагийн Ерөнхий Газрын Цагдаагийн дээд сургуулийг тус тус төгссөн.
Цагдаагийн байгууллагад нийт 30 жил ажиллахдаа Найрамдлын районы цагдан сэргийлэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд ЦЕГ-ын эрүүгийн хэлтэст ахлах төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газрын гүйцэтгэх албаны тоо бүртгэл дүн шинжилгээ хариуцсан ахлах төлөөлөгч, Эрүүгийн Цагдаагийн Газрын 3-р хэлтэст халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, Эрүүгийн Цагдаагийн Газрын онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст чиглэлийн ахлах төлөөлөгч, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, тасгийн дарга, нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан байна.
Тэрбээр 2013 оны 12 сарын 01-ээс одоог хүртэл Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст яллагдчаар татагдвал зохих эсэх нь тогтоогдоогүй /эзэнгүй/ хэргүүдийг илрүүлэх чиглэлээр туслан зөвлөх, олон нийтийн цагдаа, мөн хүүхэд хамгаалагчаар ажиллаж байна.
Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Энх-Амгалан нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үнэнч шударга, цагдаагийн албан хаагчийн шударга ёс зүйг чанд сахин ажилласаар ирсэн.
Шинээр сургуулиа төгсөж ирсэн залуу албан хаагчдад өөрийн сурч мэдсэн зүйлээ харамгүйгээр зааж сургасаар байгаа бидний бахархал болсон ахмад албан хаагчдын нэг юм
ЭРҮҮГИЙН ЕРТӨНЦИЙН НЭВТЭРХИЙ ТОЛЬ ЭНЭ ХҮНИЙ ТОЛГОЙД Л БИЙ ДЭЭ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.88.64
Сэтгэлд бахархал бялхаасан ямар гоё мэдээлэл вэ. Бэлтгэл дэд хурандаа Б.Энх-Амгалан танд урт наслаж удаан жаргахыг ерөөе.С.Зоригийн хэрэг дээр ажиллуулаагүй юмуу. Яагаад
Төстэй мэдээ