alim.mn | 2024.12.23
Монгол эмэгтэй нигер нөхөр, хамсаатнуудтайгаа Турк компаниас 698 мянган доллар цахимаар залилжээ

Энэ хэрэгт Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ /Ejikeme Chimezie John/, түүний монгол эхнэр Б.Хулан мөн Д.Ганболд, Т.Анхбаяр нар холбогдсон. Тэднийг гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт дөрвөн хүнтэй тогтвортой бүлэг үүсгэсэн хэмээн ялласан. Хэрэг явдлыг эхнээс нь өгүүлэхэд Б.Хулан нь нигер нөхрийн хамт уул уурхайд “хөрөнгө оруулахаар” иржээ. Ингээд Д.Ганболд, Т.Анхбаяр нартай холбогджээ. Т.Анхбаярын мэдүүлснээр нигер нөхөртэй эмэгтэйд хийх ажлаа танилцуулахад “та хоёрын ажил жижиг, харин бид хувьд маш том төсөл дээр хөрөнгө оруулалт хийнэ” гэж голжээ. Том ажил хийнэ гэсэн тул  “Рояал Плаза групп”-ын ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй уулзуулж нөхөр нь хөрөнгө оруулалт хийхээр болов. Энэ үед гадаадаас хар арьст “хөрөнгө оруулагчид” Монголд ирсээр байв.  Харин хөрөнгө оруулагчдыг явсаны дараа ажиллагаа эхэлжээ. Б.Хулангийн өгсөн үүргийн дагуу Д.Ганболд, Т.Анхбаяр нар нь компани үүсгэн байгуулах ажилд оржээ. Байгуулах компанийг нэрийг нарийн тодорхой хэлж өгсөн гэнэ. Мань хоёр УБЕГ-ын хавьцаа хөлсөөр компани байгуулж өгдөг Жавзан гэдэг эмэгтэйгээр нийтдээ 10 гаруй компани үүсгэн байгуулжээ. Нэг компаний хөлсөнд 170 мянган төгрөг төлсөн гэнэ. Жавзан нь “Амсинг”, “Кэс жапан”, “Сан фиелд”, “Ск нетворкс”, “Эс эй кэй өү”, “Ай жи эл си”, “Флүид повер энержи инг”, “Алимарк групп", “Маунт энержи групп”, “Нихон косо” зэрэг компани байгуулж өгөн дансыг нь Голомт банкинд нээжээ. Үүнээс цааших явдалд “тогтвортой бүлэг”-ийн гишүүдийн мэдүүлэг зөрсөн. Д.Ганболд, Т.Анхбаяр нар нь бүх гүйлгээг нигер гэр бүл хийсэн, мөн мөнгийг авсан, бид банкнаас бэлнээр гаргасан мөнгийг зөөж хүргэж өгөх л үүрэгтэй оролцсон гэсэн бол Б.Хулан нь эсрэгээрээ тэдний гар хөл болсон гэж мэдүүлжээ. Монгол дах дөрвөн гишүүнтэй, тогтвортой бүлгийн хохирогч нь Туркийн “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компани болжээ. Захирлынх нь  мэдүүлснээр тус компани нь Итали Улсын “Лонати С.п.а” компанийн Турк дахь албан ёсны борлуулагч гэнэ. Иймээс толгой компанитайгаа байнга имэйлээр харилцдаг. 2018 оны 11-р сарын эхээр толгой компаниас нь нэг үсгийн зөрүүтэй буюу “С”  үсэг нэмэгдсэн ч адилхан хаягаас емэйл ирсэнийг анзааралгүй харьцаж эхэлжээ. Ирсэн емэйл-д Турменстанд нийлүүлэх оймсны машины төлбөрийг шилжүүлэх шинэ банк, дансыг мэдэгдсэн байжээ. Хуучин дансаараа авахгүй байгаагийн учрыг асуухад “Италийн санхүүгийн байгууллагаас 25 хоногийн аудитын шалгалт орсон, тиймээс нөөц буюу хоёрдогч дансаар гүйлгээгээ хийх болсон” гэжээ. Шинэ банк нь Монголын “Голомт”, данс эзэмшигчийн нэр нь “Лонати С.п.а” гэсэн тул 465 мянган еврог шилжүүлжээ. Түүнээс гадна өөр нэгэн турк компани Италийн “Лонати С.п.а”-гаас авах тоног төхөөрөмжийн үнийн 234 мянган еврогоо мөн л Монголын “Голомт” банкны “Делукс Мулти сервис” гэсэн хүлээн авагчийн дансанд шилжүүлжээ. Шилжүүлэг хийснээс хойш туркууд Италийн “Лонати С.п.а” компанитай утсаар холбогдоход харилцах дансаа сольсон тухайд ямар ч емэйл явуулаагүй гэсэн тул тэр дор нь улсынхаа хуулийн байгууллагад ханджээ. Нигерчууд дээрх хоёр турк компаний емэйл хаягийг хакердаж төлбөр тооцооны шилжүүлэг, өглөгө авлагын бүх мэдээллийг нь урьдчилан олж авсан байжээ. Ингээд Монголд ижил нэртэй компани үүсгэн байгуулаад цахим залилан хийсэн аж. Удалгүй Туркээс Голомт банкинд “тухайн орлогын гүйлгээ шилжүүлсэн харилцагч нь луйвардуулсан тул дээрх орлогын гүйлгээг буцааж өгнө үү” гэсэн мэдэгдэл иржээ. Гэхдээ мэдэгдэл ирэхээс өмнө Б.Хулан нар нь эхэлж шилжсэн 464 мянган еврог таван удаагийн зарлагаар чек бичүүлэн бэлнээр гаргаад авчихсан байжээ. Банкныхан шалгаж үзэхэд “Делүксе мулти сервисес СРЛ”, “Лонати Спа” гэсэн хоёр компаний ерөнхий захирал нь Т.Анхбаяр, гүйцэтгэх захирал нь Д.Ганболд, ерөнхий нягтлан нь Б.Хулан нар байжээ. Ингээд сүүлд орж ирсэн шилжүүлэгт хориг тавьж дансыг битүүмжилсэнд “тогтвортой бүлэг”-ийнхэн удаа дараа ирж мөнгө гаргаж өгөхийг шаардсан гэнэ.  Б.Хулан нь авсан мөнгөө “Сайн” ББСБ-гаар дамжуулан таван удаагийн гүйлгээгээр 70-200 мянган юаны хэмжээтэйгээр Хятад руу шилжүүлжээ. Харин нөгөө хоёр нь “Эмеральд резиденс” хотхонд байр авчээ. Д.Ганболд нь байр, зогсоол, агуулахыг 423 саяар, Т.Анхбаяр нь 318 саяар байр, зогсоол худалдан авсан гэнэ. Тэдний турк компаниас залилан авсан 464 мянган евро нь 1,4 тэрбум төгрөг орчим аж. Б.Хулангийн нигер нөхөр гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ