Саяхан Сангийн сайд Б.Жавхлан “Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна” гэж мэдэгдсэн.
Хөгжлийн банкны асуудлыг үе үеийн Ерөнхий сайд нар анхаардаг. Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн Засгийн газар Хөгжлийн банкны асуудлыг ярьсан. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оруулан шалгахад, Хөгжлийн банк 2011 оноос хойш 5.5 их наяд төгрөгийг гурван сувгаар компаниудад зээлдүүлсэн гэж байлаа. Үүний 1.3 их наяд төгрөг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй ямар нэг хууль тогтоомжийг зөрчсөн бол 3.8 наяд төгрөг эргэж олдох эсэх нь тодорхой болсон гэдэг дүгнэлт гарсан. Хөгжлийн банкнаас хямд эх үүсвэр татсан 2,000 гаруй компанийн эздийг зарлана гэж хэлдэг ч өнөөг хүртэл ил болгосонгүй.
Хөгжлийн банкны 1.3 их наяд төгрөгийн зөрчил ноцтой. Нөгөө “60 тэрбум” гэж яриад байдгаас хорь дахин их мөнгөний асуудал яригдаж байна. Гэсэн ч улстөрчид хөдөлдөггүй. Хөгжлийн банктай холбогдсон хүмүүст ч хариуцлага тооцдоггүй.
Хөгжлийн банкийг удирдаж явсан Г.Амартүвшин УИХ-ын болсон. Тэрбээр улстөрийн хамтрагч Г.Дамдинням, Хассуурийн Ганхуяг хоёрын хамт тус бүр 33 тэрбум төгрөг хөгжлийн банкнаас зээлсэн гэдэг. Зөвхөн энэ гурвын зээлсэн мөнгө гэхэд 100 тэрбум төгрөг дөхнө.
Мөн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Хөгжлийн банктай холбогдсон базаахгүй намтартай. “Атар-өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замыг “Монроуд” компани 440 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 1.8 тэрбум болж огцом нэмэгдсэн. “Монроуд” компани төсөвт өртгөө ийнхүү 331 хувь нэмэгдүүлсэн, Хөгжлийн банкнаас гарсан гэж байлаа. Шүүх цагдаад дуудагдаж байсан Б.Гарамгайбаатар одоо Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Энэ мэтээр улстөр, улстөрчид хамгийн ихээр оролцотой явсан банк.
Хөгжлийн банкны шилэн дансны хөтлөлт “нойл”. Тайлант хугацаанд худалдан авалт хийгээгүй болно, Банкны тухай хуулийн дагуу харилцагчийн мэдээлэл задруулахгүй гэж ам тагладаг.
Харин өчигдөр Хөгжлийн банканд учирсан 200 гаруй тэрбум төгрөгийг прокурорын байгууллага нэхэмжилжээ гэсэн мэдээ сүүлийн үеийн хамгийн сайхан мэдээ байлаа.