УОК-ын хурлаас "Эрдэнэт үйлдвэр"-ийн хөрөнгөөр 2015 онд ашиглалтад орсон 100 гаруй тэрбум төгрөгийн эрүүл мэндийн цогцолбор, 50 өрхийн орон сууц үнэ төлбөргүй шилжсэнийг улсын өмчид буцаан авах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:
- Анх ковид дэгдэж эхлэхэд байхад 1000 гаруй орж дэлгэж байсан ч өнөөдөр бараг 22 мянган ор дэлгээд байна. Үүний тал хувь нь орон нутагт бий. Өчигдөр гэхэд 500 гаруй ор нэмж дэлгэлээ. Орон нутгийн эрүүл мэндийн нөөцийг нэмэгдүүлэх, зөвхөн орон нутагт гэлтгүй нийслэлд шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй байна. "Эрдэнэт Медипас" эмнэлгийн 200 ортой байгууламжийг 2015 онд 69,9 тэрбум төгрөгөөр барьж, 50 айлын орон сууц, дэд бүтэц бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр 18 жилийн хугацаатай гэрээ байгуулан хувийн байгууллагад шилжүүлсэн ч өнөөг хүртэл улс нэг ч төгрөг аваагүй. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ.
Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэг нэрийдлээр "Эрдэнэт үйлдвэр"-ээс 12,7 тэрбум төгрөгийг бэлнээр авч ашигласан бөгөөд энэ нь өнөөдрийн ханшаар 120-130 тэрбум төгрөгийн эмнэлэг юм. Орхон аймгийн эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, улсын мөнгийг шамшигдуулсан гэсэн үндэслэлээр улсад буцаан авах шийдвэрийг гаргалаа. Нэг ч төгрөгийн төлбөргүйгээр энэ том барилгыг хувьдаа аваад дээрээс нь бэлнээр хэдэн тэрбумыг авч, буцаагаад 6 тэрбумыг төлбөр гээд шилжүүлж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй байна. Ийм нөхцөл байдалд улсад нэг ч гэсэн ор хэрэгтэй байна. Эмнэлгийг улсад буцаан авах бүрэн боломжтой, бид үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ" гэлээ.
Энэ бол хулгай. Хүүхэддээ талх, саван бок авах гээд 10 мянган төгрөг хулгайлсан Ариунцэцэг гэдэг эмэгтэйд 10 жилийн ял өгсөн нь ердөө 10 жилийн өмнөх явдал. Үлгэр биш, үнэн бодит түүх. Гэтэл тэрбум тэрбумаар хулгайлсан, зувчуулсан хүмүүст яагаад хриуцлага тооцдоггүй юм бэ. Энэ эмнэлгийн тухай, "Эрдэнэт үйлдвэр"-ийн эмнэлгийг нэг гарын үсгээр хувьдаа авч өмчилсөн тухай нэг бус удаа ярилаа. Яагаад хууль шүүхийн байгууллагад ханддаггүй, хариуцлага тооцдоггүй юм бэ?