Хөгждөггүй Улаанбаатар хот хөгжлийн нэртэй олон газар, компанитайн нэг нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК юм. Компанийг үүсгэн байгуулагч бөгөөд өмчлөгч нь НИТХ. Анх 2015 онд шийдвэр гарган НИТХ-ын “мэргэн” шийдвэрээр батлагдсан олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хувийн хэвшил болон гадаад дотоодын хөрөнгийн зах зээлээс босгосон хөрөнгө болон хотын төсвөөс олгосон санхүүжилтийн эх үүсвэрээр хөгжлийн сан бүрдүүлэн төр хувийн хэвшлийн хамтарсан бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх гэсэн гоё үгтэй, гоё зорилттой. Гэтэл одоо гадаад дотоод хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох гэдэг нь мартагтаад хотын төсвөөс л угжаастай явна. Хамгийн сүүлийн жишээ нь өнгөрсөн он юм. 2020 оны 2-р сард ТУЗ нь хуралдаж “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталжээ. Тайлант жилд 950 сая төгрөгийн орлого орж, 114 сая төгрөгийн ашигтай ажиллахаар тогтоосон байна. Гадаад дотоод хөрөнгийн зах зээл зэрэг эх үүсвэрээс 11 тэрбум төгрөгийг босгож хөрөнгө оруулалтын арга хэмжээнд төлөвлөсөн. Гэсэн ч гүйцэтгэлээр 505 сая төгрөгийн орлого бүрдүүлж, 540 сая төгрөгийн зардалтай ажиллажээ. Орлогын ганц эх үүсвэр нь нийслэлийн төсвөөс олгосон 491 сая төгрөг агаад гадаад дотоод хөрөнгийн зах зээл болон бусад үйл ажиллагаагаар ердөө 13,5-хан сая төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Өнгөрсөн жил цар тахлын хүнд үе байсан. Орлого буурахыг ойлгож болох ч зардал нь дагаад буураагүй нь гайхалтай. Ашиг буурсан ч зардал буурдаггүйн нууц нь ТУЗ-д байдаг бололтой. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн дүрэмд зааснаар НИТХ-ын дарга нь ТУЗ-ийн дарга болдог аж. Ингээд Ж.Батбаясгалан одоо даргалж байна. ТУЗ нийтдээ есөн гишүүнтэй агаад өнгөрсөн онд дөрөвхөн удаа хуралджээ. Цар тахлын хүнд үед компанийн орлого буурч байхад өөрсдөдөө баталсан 57 сая төгрөгийн төсвөө авсаар ирсэн. Үүнээс 40 сая нь ТУЗ-ийн дарга, гишүүдийн цалинд зарцуулагдсан байна. Үүнээс үзэхэд НИТХ-ийн удирдлагад зориулагдсан бэлэн ТУЗ-ийн даргын суудалтай “чихэр” бололтой. Цар тахал болсон ч болоогүй ч НИТХ төсөв хэлэлцэхдээ өөрийн корпорацидаа хөрөнгө баталдаг. Корпораци нь эдийн засаг хүндэрсэн ч хүндрээгүй ч санхүүжилтээ авдаг. Харин ТУЗ-ийн дарга болох НИТХ-ын дарга нь корпораци ашигтай ажилласан ч ажиллаагүй ч цалингаа авдаг аж. Өдгөө ийм корпораци нэртэн нийслэлд хэрэгтэй эсэх гэсэн асуулт гарч байна. Хамгийн сүүлийн мэдээгээр гадаад дотоодын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох үүрэгтэй корпорацийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг хотын автозогсоолыг тоолоод явж байна. Өдгөө энэ корпорацийг татан буулгаж хотын төсвийг нэг дарамтаас, Ж.Батбясгаланг нэг цалингаас нь салгах цаг болжээ.