УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилохоор болжээ. Энэ талаар тус компаниас тодруулахад, "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ маргааш хуралдаж, Н.Цэрэнбатыг "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилох асуудлыг эцэслэн шийдвэрлэх гэнэ.
"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр 2011 үүсгэн байгуулсан бөгөөд "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж буй.
Н.Цэрэнбатын хувьд 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдон, 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож байсан. Өнгөрөгч 2020 оны сонгуульд мөн тойрогтоо дахин өрсөлдсөн боловч сонгогдож чадаагүй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2016-2017 онд мэдүүлсэн ХОМ-т нь дурдагдсан “Булган буудайн түрүү” ХХК нь ЖДҮХС-гаас 600 сая, түүний хувь эзэмшдэг гэх “Хархираан хөгжил” ХХК нь нэг тэрбум, “Наму дэвжих” ХХК 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл хэвлэлд нийтлэгдэж байсан юм. Мөн дөнгөж сая МИАТ-ын даргаар Б.Мөнхтамир хэмээх залууг томилсон мэдээлэл байна. Тэрбээр өмнө нь Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал байжээ.