alim.mn | 2024.12.22
2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийн импорт хийжээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас “Эмийн үнэ, хангамж, хүртээмжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 4 233 эм бүртгэлтэй байна. Эмийн 20 хувийг дотоодоос, 80 хувийг импортоор хангаж байна. 2020 онд нийт 418 орчим тэрбум төгрөгийн эмийн импорт хийсний 52.5 хувь нь зайлшгүй шаардлагатай эм, 47.5 хувь нь бусад эм байжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас 2021 онд эмийн үнийн талаарх судалгааг 7500 гаруй иргэнээс авахад 38.4 хувь нь худалдан авч буй эм өндөр үнэтэй, 46.8 хувь нь эмийн үнээс шалтгаалж жорт бичсэн эмээ худалдан авч чаддаггүй гэж хариулсан бол 78.6 хувь нь эмийн үнийг зохицуулахад төрийн оролцоо шаардлагатай гэсэн хариулт өгчээ.

 Эмийн үнийн бодлого нь хэрэглэгчдэд болон эрүүл мэндийн тогтолцоонд чанарын баталгаатай эмийн бүтээгдэхүүнийг хямд, тэгш хүртээмжтэй байлгахад, мөн нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн байх ёстой. Бразил, Египет, Саудын Араб, Тайланд, Турк зэрэг оронд зах зээлд өрсөлдөгчгүй бүтээгдэхүүнд олон улсын жишиг үнийг тогтоодог бол олон эх үүсвэртэй эмэнд дотоодын жишиг үнийг хэрэглэдэг. Мөн дэлхийн олон оронд эмийн хангамж, түгээлтийн системийн үнийн ил тод байдлыг хангаж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход анхаардаг байна. 1990 оноос хойш олон улсад үнийг өрсөлдөөнийг нэмэгдүүлж, чанарын баталгаатай ерөнхий нэршлийн болон био төст эмийн хэрэглээг дэмжих бодлого баримталж байна. Ингэснээр эмийн үнэд шууд нөлөөлөхгүйгээр урт хугацаандаа эрүүл мэндийн тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг хангаж эхэлж байгааг мэргэжилтнүүд хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл болон АХБ, ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эм хангамжийн байгууллагуудын холбооны төлөөлөгч оролцлоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ