alim.mn | 2025.08.28
Эзэнгүй нохойг буудсаар байх уу?
Хажууд буун дуу тасхийна. Хоол эрж гуринхалж явсан нохой цусаа урсган унаж, нэгэн эр портер машин луу золгүй нохойг чирч гулдраад шидчихдэг. Нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт ийм харгис хэрцгий явдал одоо гардаг.  Тэр буун дууны араас өвдөлт, зовлон шаналалдаа гаслан гийнах дуулдана. Хоёр дахиа буу тасхийнэ. Ингээд нэг сайхан өдөр бидэнтэй л адил амьдрах гэж яваа, нэгэн амьтны халуун амь тасарна.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас 1 нохой, муур устгах зардлыг 12,000 төгрөг байхаар тогтоож, жилд 100.000-150.000 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг. Эцсийн гүйцэтгэлээр жилдээ дунджаар 80.000-90.000 эзэнгүй нохой, муурыг гэгээн цагаан өдөр олны нүдэн дээр буудан устгадаг. Нохой хөнөөх жилийн төсөв нь 1.2-1.8 тэрбум төгрөг болдог. Сэг зэмийг устгахад жилд 130 сая төгрөг зарцуулдаг аж.
Тэрчлэн гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй. Тэдгээр амьтдын 80 хувь нь ХЭЗЭЭ Ч уяанаас суларч байгаагүй, ороо нийллэгт орж байгаагүй. Нохойгоо уядаг айлуудын 30 хувь нь 1 метр уяатай байлгадаг. Эзэнтэй нэртэй ч нохой хангалттай хэмжээнд чөлөөтэй ч хөдөлж чадахгүй нөхцөлд насан туршдаа амьдардаг. Хэвтэр, үүр байхгүй, ялгадсыг нь хэзээ ч цэвэрлэдэггүй, ихэвчлэн жорлонгийн дэргэд байлгадаг.
Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээ, мэдээлэл огт авдаггүй, сэтгэл хөдлөлөөр авдаг. 
Нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй. Аливаа өвчин эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэггүй, санаа тавьдаггүй.
• Нэг нохой устгах 12,000 төг -ийн үнэлгээтэй боловч хяналтын зардалд 2%-ийн шимтгэл НӨАТ-ын шимтгэлүүд хасагдсанаар 10,000 төгрөг рүү дөхдөг.
• Нохойд хазуулж ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгчдийн вакцины үнэ 17.0-19.0 мянган төгрөг бөгөөд 3-4 удаагийн тунг хийдэг. 2020 оны байдлаар нохойд хазуулж гэмтсэний улмаас хэвтэн эмчлүүлсэн 60 үйлчлүүлэгчийн эмчилгээний дундаж зардал 284,699 төгрөг, ор хоног дунджаар 3 хоног байна.
• Нохой муур зэрлэгших шалтгаан нь хүний буруугаас болдог. Монголд нохой, муурыг хэрхэн тэжээх талаар мэдлэг хомс, тэжээвэр амьтантай болох соёл байдаггүйтэй холбоотой. Тиймээс тэжээсэн муур нохойгоо төөрүүлж, хаях, эм нохойг ад үзээд тэжээдэггүй, тэжээсэн гөлөгнүүдийг нь гудамжинд гаргаад хаядаг зэргээс шалтгаалан эзэнгүй муур, нохой элбэгшдэг. эцэст төсвөөс мөнгө зарж, олны нүдэн дээр бурангуй маягаар буудан хөнөөх зэрэг зүрх эмтэрмээр асуудал гарсаар байна.  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ