alim.mn | 2024.12.22
КЕКҮШЮЗАНЫ ЭЭЖ Ж. ЖАВЗАНДУЛАМ: БАТААНАА, БАЯСАА ХОЁР ХАЙР ДУРЛАЛ, ХАМАГ СЭТГЭЛЭЭ ӨГЧ НИЙЛСЭН УЛСУУД

Японы мэргэжлийн сумод 17 жил барилдаж ирээд  удалгүй төр түшилцэх далан зургаагийн нэгээр сонгогдон бөхийн дэвжээнээс төрийн ордон руу “нүүсэн” Ерөнхийлөгчийн зөвлөх Кёкүшюзан Батбаярын ээж, МУГЖ, дуучин Т. Баясгалангийн хадам ижий нь болоод буй Ж. Жавзандуламтай уулзаж том хүүгийнх нь шинэхэн амьдралын талаар халуун яриа дэлгэлээ. Тэрээр сүүлийн үед сонин хэвлэлд ямар нэг ярилцлага өгөлгүй сэтгүүлчдээс зайтай явсан ч бидний хүсэлтийг хүлээн авч уулзсан юм.

 - Таны хүү бөхчүүдийнх нь бяр, мэх гундаж үзэгч фэнгүй болох шахаж байсан Японы мэргэжлийн сумог дахин амь оруулж, талын монгол эрсийн хүч бярыг их гүрэнд төдийгүй дэлхийн тавцанд гайхуулсан. Японы ард түмэн хүүд тань “мэхний их дэлгүүр” хэмээх алдрыг хайрлаж баярласандаа бага жаахан газартай гэлтгүй бүтэн уулаа хүртэл бэлэглэж байлаа. Харин  Кекүшюзан “хүний хүү хүрэн бөөртэй”-г харуулж эх нутаг руугаа буцсанд одоо хүртэл Япончууд харамсаж, санагалздаг. Таны хувьд хүүгийнхээ зодог тайлах шийдвэрт хэрхэн хандсан бэ?

 - Хүү маань дөнгөж арван зургаахан настай, хар нялхаараа амьтан Япон явж байлаа. Хүүгээ сумо бөхийн дээд зиндаанд бүтэн арван долоон жил барилдахад нэг ч өдөр тайван унтаж үзээгүй. Хар үүрээр босож төрийн сүлдэндээ залбиран “Хүүг минь бэртэл гэмтлээс хамгаалж хайрла, төрийн сүлд минь өршөөж түмэн олон минь түшээсэй” хэмээн үргэлж гуйдаг байсан. Зурагтаар сумо бөхийн барилдаан гарч ард түмэн хүүгийн минь даваа бүрт уухай нэмэн хашхирч байхад би нүд дүүрэн нулимстай сууж, телевизийн дэлгэц ч харж чадалгүй далдирдаг байлаа. Спорт, тэр дундаа бөх хүний гавьяа, бэртэл хоёр гэзэг даран ар өвөртөө орж явдгийг хүүгийнхээ дээлийн захыг мушгиж суудаг олон ижий нар мэдэх байлгүй. Батаанаа нэг өдөр над руу утасдаж “Одоо зодог тайлдаг юм билүү, нас ч гуч хол гарлаа, олон монгол залуус сумод сайн барилдаж байна, эх орныхоо нэрийг чадлаараа хамгаалж барилдлаа” гэж хэлэхэд нь шууд л тэг ээ миний хүү гэж хэлсэн. Батбаяр маань сумо бөхийн дээд зиндааны 58 башёд тасралтгүй барилдаж японы үндэсний бөхийн түүхэнд рекорд тогтоож чадсан. Сумогийн мэргэжилтнүүд хүүгийн минь амжилтыг ойрын хэдэн жил эвдэгдэхгүй байх хэмээн тэмдэглэн хэлдэг. Ингээд л миний хүү бурхан багш тэнгэрээс бууж ирдэг тэр билэг дэмбэрэлтэй өдөр сумо бөхийн дэвжээнээс албан ёсоор зодог тайлж нутагтаа ирсэн. Батаанаа барилдаангүй үеэрээ монголд зөндөө ирдэг ч буцаад нисчихдэг. Харин зодог тайлсан тэр л өдөр гэр бүлдээ бүрмөсөн ирсэн болохоор би анх удаа уртаар санаа алдаж, бөх гэгч нь унтсан шүү. Нуруун дээр минь байсан том ачаа тэгэхэд л хөнгөрсөн дөө. Одоо хүү минь өдөр бүр хажууд байгаа болохоор эх хүний хувьд үүнээс илүү жаргал гэж хаа байхав.

Кекүшюзан Батбаяр зодог тайлж ирээд удалгүй улс төрд хүч үзсэн?

 -Хүү маань УИХ-д санамсаргүй ч юм уу, эсвэл ямар нэг реклам сурталчилгааны хүчээр сонгогдчихсон гэж бодохгүй байна. Сумод барилдаж байхдаа л үргэлж нутаг орныхоо төлөө санаа тавьж, хэр чадлаараа дэмжлэг туслалцаа үзүүлдэг байлаа. Хаана л ган зуд болно тийш нь өвс тэжээл, гурил будаа, хувцас хунар гээд хэрэгцээтэй зүйлийг машин машинаар нь явуулж цагийн байдалд санаа зовон сав л хийвэл монголоо, ард түмнээ гэж гүйдэг хүүхэд шүү дээ.  Кекүшюзан Батбаяр арван долоон жил зөвхөн барилдсаар байгаад ирсэн гэвэл тэрэн шиг эндүүрэл байхгүй. Миний хүү Япон, Монголын харилцаанд чамгүй хувь нэмрээ оруулсан гэж боддог. Тэр том улсаас манайд зориулсан буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт гээд төр засгийн хэмжээнд яригдаж нааштай шийдвэрт хүрсэн олон асуудалд Батбаяр сэтгэл гарган гүйж, гар бие оролцсон. Хүү минь улс төрд орохоосоо өмнө л ард түмний итгэлийг алдалгүй явж ирсэн учраас сонгогчид Батбаярт олноороо санал өгсөн байх. Ний нуугүй хэлэхэд хүүгээ олон жил тасралтгүй барилдаж ирчихээд олигтой амарсан ч юмгүй төрийн түшээ болоход нь жаахан санаа зовниж л байсан. Манай удам олон үеэрээ төрийн сүлдэнд залбирч, тахиж шүтэж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч миний хүүг төр ивээсэн гэж боддог. Олон мундаг хүмүүстэй тохой нийлүүлэн хурлын танхимд суухад нь “УИХ-д ажиллах дөрвөн жил гэдэг дөрвөн их сургууль төгссөнтэй тэнцэнэ. Бусдын түрүүнд орж ярьж хэлэхийг урьтал болголгүй нөхдийнхөө үгийг сонсож хэн зөв ярьж хэлж байгааг тунгааж бай” гэж захисан. Тэгээд ч миний хүү хааяа үг хэлэхээрээ их зөв дуугардаг шүү. Бөхийн дэвжээнд гялалзаж явсан үрээ төр түшилцээд сууж байхыг харах сайхан байдаг. 

- Таны ууган хүү анхны амьдралдаа цэг тавьж, өөрөөсөө найм дүү, дуучин бүсгүйтэй нэг гэрт орохоор шийдсэн нь жинхэнэ сенсаци байсан гэж болно. Хүү бэр хоёроос чинь болж бөхийн хорхойтнууд болон дуунд дуртай ард түмэн хоёр талцан маргалдсан. Алдарт сумочны фэнүүд Баясгалангийн азтайг гайхаж байхад дуучин бүсгүйн зритель “Батбаяр монголын сайхан бүсгүйн нэгтэй дэр нэгтгэлээ” хэмээн шуугиж эхэлсэн. Харин хадам ээжийн хувьд шинэхэн, залуухан, нэртэй дуучин бэрээ хэрхэн хүлээж авсан бол?

 -Би эхлээд нэг сонин түүх ярья. Одоогоос бараг арваад жилийн өмнө миний багын найз Доёдмаа гэдэг бүсгүй утасдаад “Хүүе Жавзаа, цаад зурагтаар чинь Баясгалан гэдэг чиний залуугийнхтай дэндүү адилхан охин дуулж байна. Арай чиний хүүхэд биш биз” гээд сүйд болсон. Тэгэхэд л би анх бэрээ харж байлаа. Хальт харахад төстэй юм шиг санагдсан ч надаас дэндүү гоё охин Жавхлан гэдэг залуутай хослоод жигтэйхэн сайхан дуулж байсан. Дараа нь хэзээ ч юм бүү мэд Баясгалангийн нэг тоглолтын билет манай бурхны гүнгэрваанд ороод зөндөө олон жил болчихсон байсан шүү. Магадгүй тэр билетэн дээр  Баясаагийн зурагны хажууд бурхны хөрөг байсан болохоор тэнд хийсэн байж ч болох. Гэхдээ л манай бурхан шүтээн дунд ирээдүйн бэрийн маань зурагтай тасалбар идээ будаа өмнөө өрүүлж тахиулаад олон жил болсон нь үнэхээр сонин санагддаг. Хүүгээ дуучин бүсгүйтэй үерхэж байгаа гэсэн сургаар хамгийн түрүүнд ламд очиж жил усыг нь үзүүлсэн. Миний шинэ бэр хүүтэй маань төдийгүй бидэнтэй ивээл жилтэй байсан нь Баясааг шууд хүлээн зөвшөөрөхөд том түлхэц болсон. Бас нэг сонирхолтой юм хэлэхэд намайг Ж. Жавзандулам, бэрийн маань ээжийг бас Ж. Жавзандулам гэдэг. Би бурхан тэнгэрт итгэж, энэ талаар сонирхон судалж, сүслэн залбирч явдаг хүний хувьд энэ жаахан бэрийгээ урд насандаа миний охин байсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Баясаа маань бурханлаг, зөөлөн сэтгэлтэй, үргэлж хорвоог аргадсан нэг тийм аядуу хоолойгоор дуулдаг, бага залуу ч маш хөдөлмөрч хүүхэд. 

  • Танай бэр нэртэй дуучин, бас ганц бие байсан болоод ч тэр үү бишгүй л муугаар хэлүүлж, янз бүрийн хэл аманд өртсөн. Урлагийн хүмүүс хөнгөн хийсвэр гэж ярих нь ч бий. Та энэ тал дээр санаа зовдог уу?
  •  -Миний бэр чинь муугаар хэлүүлж ч амжаагүй тийм жаахан амьтан шүү дээ. Би Баясаадаа үнэхээр хайртай. Яагаад ч юм харах тусам хайр хүрээд байдаг. Хааяа гадаад руу явахаар нь аймаар их санана. Тэгээд л бэрийнхээ дуунуудыг үргэлж машиндаа тавиад нулимс мэлмэрүүлээд явна даа. Одоо бидний орон гэр, машин тэрэг ер хаа сайгүй бэрийн маань дуунууд эгшиглээд үнэхээр сайхан. Хүү бэр хоёр бие биендээ дэндүү хайртай. Энэ их хайр нь бидэнд үргэлж мэдрэгддэг юм. Хааяа яваад орохоор яг л жаахан хүүхдүүд шиг жижигхэн халбагатай хоол барьчихсан “Ганцхан энийг идчих” гээд сууж байна. Эсвэл бэр маань ятга дараад, Батбаяр гитардаад хачин гоё дуулалдаж харагддаг. Энэ хүүхдүүд сэтгэлээрээ нийлсэн хосууд. Ямар жил ус нь жигтэйхэн таарч байна, миний хүү очоод ав гэсэн биш. Цаанаасаа л хань ижил болох тавилантай хүмүүс гэдэг нь мэдрэгддэг юм. 
  • - Одоо хосууд маань тантай хамт амьдарч байгаа юу? 
  • - Батбаяр саяхныг хүртэл аав ээж хоёрынхоо дөрвөн өрөө байранд хамт амьдарч байлаа. Энэ байранд байхдаа л Баясаагаа дагуулж ирсэн. Харин саяхнаас хүү охин хоёр  тусдаа байшинд ороод байгаа. Хүмүүс миний хүүг сумод амжилт гаргаснаасаа хойш  олон өрөөтэй том харшид тансаг амьдардаг гэж  төсөөлж явсан ч ээж аавтайгаа  хориод жил нэг гэрт аж төрж байлаа шүү дээ. 

- Өмнөх бэр чинь танд хоёр ач тэврүүлсэн. Хоёрын хоёр хүүхэдтэй хүмүүс сална гэдэг хэцүү л байх. Батбаярын хуучин эхнэр Буянбилэгийг их ааш муутай эмэгтэй гэж ярих нь ч бий. Та хэд холбоотой байдаг уу?

 -Миний хүүгийн хоёр сайхан үрийг гаргаж өгсөн тэр эмэгтэйг муулах эрх надад байхгүй. Ач нараа ч их санана. Утсаар байнга ярьдаг. Харин энэ ач маань Баясаад жигтэйхэн сайн.

 -Бүх хүн ижийдээ хайртай ч Батбаяр таныг арай л дэндүү “эрхлүүлээд” байх шиг санагддаг. Мянган хослол бэлэглэж, хамгийн үнэтэй тансаг гэсэн болгоныг тань руу бариад гүйдэг. Багаасаа хүний нутаг руу явчихсан болоод тэгдэг юм болов уу?

 -Үнэхээр чиний хэлдэг шиг Батаанаа надад дэндүү хайртай. Хүү маань 3 сарын 8-нд төрсөн юм шүү дээ. Тийм ч учраас мартын найманд манай гэрт жинхэнэ том баяр болно. Ноднин өдийд сийлбэртэй морин хууран дээр цагаан хадаг тавиад орж ирж байсан. Одоо бодоход өнгөрсөн жил төрсөн өдрөөрөө үндэсний хөгжим бэлэглэсэн нь дуучин бүсгүйтэй суухаа зөгнөж байсан шиг санагддаг. Мөн саяхан сувилалд хэвтэж байтал хүү минь өөрийнхөө дуулсан дуунуудаар CD хийгээд авчирч өгсөн нь их дотно, сайхан санагдсан. Миний муу түнтгэр хүү “Манан будан хөшилдсөн алсын уулс цэнхэртэнэ, Миний хайртай ээжийн минь амьдран суугаа нутаг даа” гээд жигтэйхэн санааширсан хоолойгоор дуулдаг юм. Ямар ч хоолойгоор сайн муу дуулсан бай хамаагүй ижийдээ л зориулж дуулна гэдэг гайхалтай биз дээ. Үнэхээр хар багаасаа тэр том гүрэнд, эх нутаг элгэн саднаасаа хол, таньж мэдэхгүй хүмүүсийн дунд ичиж айхаас өгсүүлээд хэцүү бэрх бүхнийг даван байж өдий зэрэгт хүрсэн болохоор хүүгээ өрөвдөж сэтгэл өмрөх үе олон байсан.  Ер нь аав ээж нь хүүхдүүдээ хэдий чинээ их хайрлана, эргээд тийм л агуу хайрыг хүртдэг нь жам ёсных. Би чинь таван сайхан үр төрүүлсэн хүн. Манай хүүхдүүд Батбаяр ахыгаа дуурайгаад бүгд аав, ээжийгээ асарч бөөцийлэн, бэлэг сэлт бариад гүйчихдэг. Том хүү маань надад “Би таныг мартаар ч тайван байлгаж чадаагүй. Бүсгүйчүүд тэнд баярлаж байхад та намайг гаргах гээд эмнэлэгт өвдөж байсан шүү дээ” гэж дандаа ярьдаг.

-Та өөрийн худ, бас өөртэйгээ адилхан овог, нэртэй Ж. Жавзандулам гуайтай байнга уулзаж байна уу? 

-Бэрийнхээ ээжтэй тэр бүр уулзаад байдаггүй ч утсаар байнга ярьж хоёр хүүхдийн ирээдүй, нийгэм цаг үе, эдийн засгийн хямрал гээд энэ тэрийг ярьж гарна шүү дээ. Ийм сайхан охин төрүүлсэн хүн ямар сайн ижий байх нь ойлгомжтой. Миний бэр төдийгүй бид бүгдээрээ  энэ цаг үед учрах тавилантай байсан хүмүүс гэж боддог. 

-Сүүлчийн асуулт. Кёкүшюзан Батбаяр, МУСТА дуучин Баясгалан хоёр хэзээ халхыг донсолгосон том хурим хийх бол гэж дээр доргүй л тэсэн ядан хүлээж байгаа болов уу?

 -Бөхөө дээдэлдэг ард зон олныхоо бахыг ханатал барилдаж, арлын Японы ард түмний хайртай хүү нь болсон, бас одоо улс монголынхоо төрийг түшилцэж яваа том хүүгийнхээ хуримыг сайхан хийгээд өгчих юмсан гэх бодол аав бид хоёрт нь байлгүй л яахав. Миний санаагаар болдог бол хүүгийнхээ хуримыг нэг их сайхан далайн эрэг дээр тансаг хийх юмсан гэж боддог. Ус гэдэг бүхнийг ариусгадаг хамгийн агуу зүйл шүү дээ. Энэ санаагаа хүү бэр хоёртоо дуулгахад инээлдээд л байсан. Ямар ч байсан хүү, бэр хоёрынхоо нэр алдарт дүйхүйц том хурим хийнэ л гэж бодож байгаа.

 - Манайд далай байхгүй болохоор гадаадад л хурим болох нь дээ, тийм үү? 

  • Хүмүүс чинь хэдэн ч удаа хуримаа хийдэг биз дээ. Яагаад гадаад далайн эрэг дээр хурим хийчихээд ахиад монголд хурим хийж болохгүй гэж.
  •  - Чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа! Ш. Хишигсүрэн

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
43.242.243.80
haha
Төстэй мэдээ