Нийслэлийн Засаг захиргааны дөрөвдүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болно. Тус барилга нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг. Барилгыг Улаанбаатар хотын банк, Шилэн банк нэрээр иргэд мэддэг.
1997 онд ашиглалтад орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь 5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай барилга юм.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/704 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр конторын зориулалтаар 1496 м2 талбайтай газар эзэмших эрх олгогдсон байна.
Барилгын анхны дуудах үнэ нь 24.100.000.000 төгрөг, дэнчингийн хэмжээ 2.410.000.000 төгрөг юм байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр буюу Иргэний танхимд болох юм.