Сангийн сайд Б.Жавхлантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Засгийн газар Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийг боловсруулж байгаа. Тус хуулийн төслийн талаар мэдээлэл өгөөч?
-Хуулийн төслийн үзэл баримтлалыг ярихад эрт байна. Одоогоор зөвхөн санал гаргаад яамд, төрийн байгууллагууд, хувийн хэвшлээс санал аваад эрсдэлийн үнэлгээ хийгээд явж байна. Ирсэн саналуудыг судлаад үзэхэд маш олон давхацсан санал байсан. Тодруулбал, дийлэнх нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, эдийн засгийг сэргээхэд онцын ач холбогдолгүй байсан. Эдийн засгийг тэлнэ гэдэг нь суурь бүтцүүд, гадны хөрөнгө оруулалт, бүтээмжийг бий болгож экспортлодог салбарыг хөгжүүлэх ёстой. Жишээлбэл, эдийн засгийг хязгаарлаж буй хамгийн том хүчин зүйл нь эрчим хүч, дулаан, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадвар, төрийн зохион байгуулалт байдаг. Эдгээр нь эдийн засгийг хязгаарладаг. Үүнийг л тавих хэрэгтэй. Хилийн нэвтрэн өнгөрүүлэхтэй холбоотой ганцхан жишээ хэлэхэд, Apple үйлдвэрүүдийн хувьд бүх түүхий эд нь байгаа. Үйлдвэрийг нь энд байгуулья гэхэд цахилгаан эрчим хүч, дулаан нь хангалтгүй. Экспортльё гэхэд манай улсын хил нэвтрүүлэх хурд нь 180 улсаас 150-т байдаг. Тэгэхээр үйлдвэр барихад ямар ч ашиггүй байна. Эдийн засгаа тэлэх бодлогууд "бай"-гаа онож, оновчтой хийгдэх хэмжээний сайн хуулийг гаргах ёстой. Эдийн засгийн онцын ач холбогдолгүй атлаа улс төржүүлж хуулийг унагадаг техникүүд байдаг.
-Тус хуулийн төсөлд казино байгуулах, мансууруулах ургамал тариалахыг зөвшөөрч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Казино бол маш том эдийн засгийн том эргэлттэй бүтэц. Түүнийг зөв зохион байгуулж чадвал огт болохгүй зүйл биш. Казиног дагасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд сөрөг дагавартай зүйлүүдийг нь хязгаарлах хэрэгтэй. Мөн казино бол мөнгө угаалтын системтэй уялдаж холбогддог. Манай улс мөнгө угаалтын эсрэг дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж чадаж байгаа эсэх нь чухал. Мөнгө угаалтын эсрэг тэмцэж чадаж байвал казино нээх ямар ч асуудалгүй. Түүнээс биш ан амьтны агнуурын тоог нэмэгдүүлэх эдийн засгийн сэргэлтэд нөлөөлдөг зүйл огтоосоо биш.
-Төрийн зарим үйлчилгээний ажлыг үе шаттай хувьд шилжүүлэх замаар төрийн оролцоог багасгана гэж байсан?
-Төрийн өмчит компаниудын 10 хүртэлх хувийг нээлттэй болгох судалгааны ажил эцэслэгдэж байна. Судалгааг гурван чиглэлээр хийж байна. Нэгт, стратегийн ач холбогдолтой Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Цахилгаан станцуудыг төр авна. Хоёрдугаарт, олон нийтийн хяналтад өгөх замаар тухайн компаны эдийн засаг болон нийгмийн ач холбогдлыг нэмэгдүүлэх, бүтэц өөрчлөлт хийх, засаглалыг сайжруулах газрууд багтана. Гуравдугаарт төр авч явах шаардлагагүй компаниуд ба татан буулгах юм уу өөр команиуд удирдах боломжтой гэсэн ангиллаар бүтэц өөрчлөлтүүд хийгдэнэ. Энэхүү бүтэц өөрчлөлт хийхээс өмнө хуулинд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Нэмэлт хувьцаа гаргах замаар олон нийтийн хяналтыг оруулж ирэх газруудын нэр одоогоор эцэслэгдээгүй.
-Тэгэхээр төрийн албан хаагчдыг цомхотгох уу?
-Нийт 198 мянган төрийн албан хаагч бий. Төр хувийн хэвшлийн түншлэл гэж бий. Тиймээс хувийн хэвшлийг дэмжих шаардлагатай. Төрийн үйлчилгээний байгууллагуудыг хувьд шилжүүлэх замаар хувийн хэвшлээ дэмжиж байна. Ирэх жилээс энэ төслийн бодлогыг хэлэлцэнэ. Энэ бол хэдэн жилийн турш үргэлжлэх урт хугацааны төсөл байх болно. Төрийн байгууллагын 50 мянга гаруй ажилчдад очдог 420 тэрбум төгрөгийн цалин, хувийн хэвшилд хөрөнгө оруулалт болж очно гэсэн үг.
-Ирэх жил гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал авсан гэсэн. Үүн дээр та тайлбар мэдээлэл өгөөч?
-Тэр хөрөнгө оруулалт бол үнэн. Жил болгон л төсөв дээр асуудаг. Өмнө 2008, 2012 онд гишүүдэд тэрбум төгрөгийн төсөв тавиад гишүүд тэрийгээ зарцуулаад явдаг байсан. Одоо тийм зүйл байхгүй. Төсвийн Ерөнхийлөн захирагч нар л төсвийн саналаа оруулж ирээд тэрийгээ хариуцаад явдаг. Харин тойргоос сонгогдсон гишүүд тухайн тойрогт эдийн засаг нийгмийн ямар асуудал байна түүнд оролцох үүрэгтэй. Сая төсөв хийгээд эцэслээд бооход нийтдээ 10 их наяд төгрөгийн хүсэлт ирсэн байна.
Ерөнхийдөө гишүүд тойрогтоо тусгагдаж байгаа хөрөнгийг эрэмбэлэх үүрэгтэй. Сангийн яам ч гэсэн тийм үүрэгтэй.
-Тойргийн төсвөөс татгалзъя гэдэг хэрнээ тойрог дээрээ хөрөнгө оруулалтаа татчихаж байгаа юм бишүү?
-Өнөөдөр тэр зүйлээс шилжиж байна. Жишээ нь, дэд бүтэц. Дэд бүтэц бол хэдэн аймаг, хэдэн тойрог дамнасан хөгжлийн төсвүүд байдаг. Зам дээр гэхэд, 2021 онд 30 тэр бум төгрөг төсөвлөж байсан. Ирэх онд 210 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Нэг тойргийн хөрөнгө оруулалт хэмээн үзэж болохгүй. Барилга хот байгуулалтын сайд дээр л гэхэд, энэ жил 150-аад тэрбум төгрөгийн төсөв байсан бол, ирэх онд 180-аад тэрбум төгрөгийн төсөв тавигдаж байна. Эрчим хүчний сайд дээр ноднин 17 тэрбум төгрөг тавигдаж байсан бол энэ жил 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Эрчим хүчний асуудал маш тулгамдсан асуудал. Томоохон бүтээмж өндөртэй үйлдвэр баръя гэхэд л эрчим хүч байхгүй дулаан байхгүй болчихдог. Тэгвэл энэ салбарт хөрөнгө оруулалтаа өгөх ёстой. Тойргуудын хөрөнгө оруулалтын төсвийн онцлог шинжүүд хэзээ ч хаягдахгүй тодорхой хэмжээнд байна. Гэхдээ бид хөгжлийн хөрөнгө оруулалтад илүү анхаарсан юм.
–Эдийн засгийг сэргээх хууль хэзээ Засгийн газраар хэлэлцэгдэх вэ?.
-Хуулийнхаа бичвэр дээр сууж байна. Хуулийн заалт бүр дээр сууж ажиллаж байна. Энэ бол хам хум хийж болох асуудал биш. Давхар олон салбарын асуудал хөндөгддөг зүйл. Хугацаа хэрэгтэй.
-Та E barimt буцаан олголтын хоёр хувийг нэмэхгүй, сугалаа ч мөн адил байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Үүн дээр зарим нэр бүхий гишүүд өөр санал гаргаж сугалааг байхгүй болгох санал гаргаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газар энэ саналыг огт дэмжихгүй. Хоёр хувийн буцаан олголтыг бараг тэглэх ёстой. Буцаан олголт байх ёсгүй. Нэгэнт л НӨАТ-ын татвар бол бүртгэлийн шинжтэй татвар шүү дээ. Далд эдийн засгийг ил гаргах зүйл. Тэгэхээр энэ татварыг цаашид сайн хөгжүүлэх хэрэгтэй. Эсрэгээрээ буцаан олголтыг тэг болгох хэрэгтэй.