
“Боловсролын санхүүжилт асуудал, шийдэл” хэлэлцүүлэгт МУИС-ын ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, судлаач С.Баттулга "Орон нутгийн боловсролын төсвийн мониторингийн үр дүн"-г танилцууллаа.
Энэхүү мониторингийг 2020-2021 онд Улаанбаатар хотын Чингэлтэй, Багануур дүүрэг, Хөвсгөл, Булган, Завхан, Өмнөговь, Дархан-Уул аймагт хийжээ. Судалгааг хийх явцад сургуулийн захирал, нягтлан бодогч, Боловсролын газрын дарга мэргэжилтэн, аймаг дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ихэнх тохиолдолд мэдээлэл өгөхөөс татгалзах, цааргалах, дүргүйцэх хандлагатай байжээ. Мөн авсан мэдээлэл нь сонгуулийн дараа дарга нь солигдоход няцаагддаг гэх мэт байдал гарчээ.
Тухайлбал Багануур дүүргийн тухайд Засаг даргын захирамжаар байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс оны эцэст өр авлага үүсгэхгүй байхаар төсөвт өөрчлөлт оруулжээ. Боловсрол цогцолбор болон Оюуны эрин цогцолбор сургуулийн төсвийг 2-15 сая төгрөгөөр бууруулж баталжээ. Харин Багануур дүүргийн Засаг дарга Тамгын газрынх нь төсөв 31 сая төгрөгөөр нэмэгдсэн байжээ. Саяхан болсон ЭЕШ-нд нийслэлийн сургуулийн сурагчид хойгуур байр эзэлсэн. Энэ нь дүүргүүдийн удирдлагуудын энэ мэт "ажиллагаа"-тай холбоотой байж магадгүй нь.
