Эмэгтэй хүн ямар ч жижиг зүйлийг том хэрүүл болгон дэвэргэх төрөлхийн авъяастай гэлцдэг. Харин манай улстөрчид л ямар ч асуудлыг өлгөн авч, 10-20 жилээр үргэлжлэх их хэрүүл тэмцэл, талцал хуваагдал үүсгэхдээ үнэхээр гарамгай авъяастай. Тавантолгой, Оюутолгой, төмөр зам, “Эрдэнэт үйлдвэр”, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг гэхчлэн зуун дамжсан, 10-20 жил үргэлжилсэн сайхан тэмцлийн хурц талбар, хэрүүлийн том алим бий. Төмөр замыг болыг уртаашаа өргөөшөө, урагшаа хойшоо тавина, тавихгүй, өргөн нарийн цариг гээд хоёр хуваагдан тэмцэлдэж, үүнд зориулсан сайхан зохиолтой нэвтрүүлэг ч бэлтгэн гаргаж, олны тархийг угаасан. Хойд хөршийн төмөр замын царигийн өргөн нь 1520 миллметр. Оросын холбооны улсын төмөр замын өргөн яг нарийн 1522 ммиллметр ч сонсоход төхөм болгож 1520 гэдэг. Харин дэлхийн стандарт буюу урд хөршийн гэх нарийн цариг 1438 миллметр. Дэлхий дээр Орос, Монгол хоёр л өргөн цариг ашигладаг улс болон торойн үлджээ. ОХЦ-ын Батлан хамгаалахын сайд Ё.Б.Иванов “Бид олог жилээр үе дамжиж барьсан өргөн царигтай зам барьсан. Энэ замаасаа болж гадаад ертөнц рүү гарч чадахаа больчихлоо. Энэ ялгаа маань бидэнд асар их хүндрэл учруулж байна” гэж хэлж байж. Оросууд ч өөрсдөө өргөн царигийнхаа султ талыг шүүмжилж байхад, манай нэр бүхий улстөрчид өргөн царигийг өмөөрөөд үхэх гээд байдаг. Энэ байтугай бариагүй төмөр замд мөнгө зарцуулсан улстай юу ярих вэ. Одоо нэг км төмөр зам тавих үнэ өртгийн зөрүү тэнгэр газар шиг зөрүүтэй байна. Засгийн газрын хуралдаанаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Монголдоо л мэргэжлийн гэгддэг Монголын Төмөр зам биш, урт удаан түүхтэй Улаанбаатар төмөр зам ч биш Зэвсэгт хүчний жанжин штаб байхаар төлөвлөжээ. Нэг км төмөр замыг 1.2 сая ам.доллараар босгох урьдчилсан тооцоо гарчээ. Энэ нь дотоод, гадаадын компаниудын өгч байсан үнийн саналаас даруй гурав дахин бага өртөг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулж байсан. Өмнө нь Зам, тээврийн хөгжлийн сайд асан, өнгөрсөн намар АТг-аас баривчилж байсан Д.Ганбат нэг км төмөр замын өртөгийг 4,2 сая ам.доллар гэж УИХ-ын чуулган дээр зарлаж байсан удаатай. Тухайн үед Ганбат сайд ТЭЗҮ-ийг хийж амжаагүй хэр нь 4,2 сая гэх тоо яриад байна гэж шүүмжлүүлж байлаа. Үүннэсс бүр өмнө буюу Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа А.Гансүхтэй хамтран “МТЗ” компани Монгол Улсын өмнөд бүсэд баригдах нэг километр төмөр замын өртгийг 1,3 сая ам.доллар гэж тооцоолон ярьж байлаа байлаа. Дараа нь Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяа “Монголын Төмөр Зам” компанийн захирал болоод 6,5 сая ам.долларын үнэтэй ТЭЗҮ-г “Мккинсей энд Ко” гэдэг алдарт компаниар хийлгэсэн. Үүнд нэг км төмөр зам барих өртөгийг 2,8 сая доллар зарцуулна гэж тусгасан байдаг. Манай түүхэнд гай гавьяа нь тэнцүүхэн удирдагч, тусгаар тогтнолоо авч үлдсэн удирдагч Хорлоогийн Чойбалсан төмөр зам бариулах ажлыг гардаж хийсэн нь үнэн, бариулж чадсан нь ч гарцаагүй үнэн. Одоо манай улстөрчид амаараа төмөр зам барьж байна. Ингэхдээ үнэ нь олон салаа. Гашуун сухайтыг 2,8 сая ам.доллараар барина гэсэн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат 4,2 сая ам.долларын ханшаар бариулна гэж явсан. Одоо гэнэтхэн ханш нь буурч 1,2 сая доллар болж, цэргүүд зам тавихаар боллоо. Төмөр замын үнэ ханш, төсөвт өртөг хаврын тэнгэр шиг хувьсаж байна даа.