alim.mn | 2025.08.29
С.Эрдэнэ АН-ын гишүүдээ, МЗХ-ны Гэрэлт-Од залуусаа хөөгөөд дуусаж байна

АН-ын дарга С.Эрдэнэ гишүүдээ хөөсөөр АН-д хүн үлдэж байна уу гэсэн яриа бий. Тэгвэл МЗХ-ны удирдлагууд ч гэдсэндээ хөлөө жийлцэж, нэгийнхээ “булай”-г уудалж, толгой дараалан хэвлэлийн хурал зарлах болов.

Энэ талаар Монголын Залуучуудын Холбооны Хөгжлийн бодлого хариуцсан Дэд Ерөнхийлөгч Г.Чойжамц анхлан дуугарсан. Гэвч түрүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэгч болж, Г.Чойжамцыг 80 сая төгрөгийн хэрэгт хутган албан тушаалаас нь хөөлөө. Учир нь МЗХ-ны 100 жилийн ойн медалыг хийлгэсэн компанид нь 80 гаруй сая төгрөг төлөн худалдан авч, Г.Чойжамц өөрийн хувийн “Хөх үүр” тур кампани дээрээ байршуулан тэндээсээ худалдан борлуулжээ. Ингэхдээ “Хөх үүр тур” ХХК-ны нягтлан болох Ц.Мөнхбаярын хувийн дансаар орлогоо авч хувьдаа завшин, ашиг олж байсан нь баримтаар тогтоогдсон тул Монголын залуучуудын холбооноос хөөлөө гэж мэдэгдлээ.

 Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/ өмнө нь МХЗЭ байхдаа маш их өмч хөрөнгөтэй байснаас 1991 оны хувьчлалаас эхлээд үрж зарахыг нь нь үрж, үгүйрсээр одоо 4 давхар нэг объекттой л үлдээд байгаа юм. Хуучирсан дөрвөн давхар байшин хэнд ч сонин биш, харин нийслэлийн А зэрэглэлийн байршил, томоохон газар нь үе үеийн удирдлагын болоод мөнгөтэй хүмүүсийн нүдний хор орж, томоохон хэрүүлийн алим болоод байгаа. Тэрнээс биш Монголын залуучуудын эрх ашиг бол бүр 10 дугаар асуудал гэхэд хилсдэхгүй.

Үлдсэн цор ганц үл хөдлөх хөрөнгө болох тухайн байрны ард талын газар дээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас барилгын ажил эхэлсэн аж. Энэ шийдвэр гарснаас хойш хагас жилийн дараа буюу /2021.10.12-нд/ тус холбооны дэд ерөнхийлөгч нар үүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Одыг эрх мэдлээ ашиглан дур мэдэн үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол гаргаснаа олон нийтэд мэдэгдэв.

 О.Гэрэлт-Од нь засвар үйлчилгээ хийнэ гэсэн бичигт Удирдах хорооны гишүүдээр гарын үсэг зуруулж МЗХ-ны байрны газар дээр тендергүйгээр барилга бариулах гэрээ хийсэн, үүнтэй холбоотой мэдээлэл өгөхийг шаардаж, удаа дараа албан бичиг өгсөн боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Мөн дүрмийн бус орон тоо гаргаж УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг хүндэт ерөнхийлөгчөөр томилсон гэх зэрэг хэд хэдэн асуудлыг хөндсөн юм. Улмаар МЗХ-ны Удирдах хороо 2021 оны есдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж О.Гэрэлт-Одыг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас түдгэлзүүлж, ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дэд ерөнхийлөгч Ж.Нямааг томилох тухай тогтоол гаргаснаа мэдэгдсэн Түүнчлэн Удирдах хорооноос Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдааныг аравдугаар сарын 29-нд зохион байгуулах тогтоол гаргаж, хуралдаан болтол Ж.Нямаа холбоог удирдана гэх мэдээллийг өгөв.

Харин МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “МЗХ-ны нэг дэд ерөнхийлөгч нь өөрөө өргөдлөө өгсөн, хоёр нь хөөгдсөн, хоёр нь чөлөөлөгдсөн” гэсэн мэдээлэл байгаа юм. Дэд ерөнхийлөгч 2 жилээр сонгогдон ажилладаг бөгөөд тэд улиран ажиллаж байжээ. Тэднийг Ерөнхийлөгч нь бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлсөн гэнэ. Үндсэн дүрэмд Ерөнхийлөгч дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх бүрэн эрхтэй гэсэн тулга тойрсон тайлбар тавьж, МЗХ-ны удирдлагууд ээлжлэн нэгнээ хөөгөөд дуусаж байгаа бололтой. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ