Ерөнхий сайд асан Сү.Батболдын үед эдийн засаг 17 хувь өслөө гэж их рекламдсан. Эдийн засгийн энэ өсөлт хүмүүсийн амьдралд лав наалдаагүй. Харин энэ үед төсвийн хөрөнгөөр туйлж, хөшөө чулуунд хайр найргүй мөнгө зардаг байжээ. Тухайн үеийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Батзориг 750 саяар нохой хөшөө барьсан. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр “Тусгаар тогтнолын эрхэм билэгдлийн хөшөө” барьсан. Энэ хөшөөг нэг тэрбум 500 сая төгрөгөөр барьж нээлтэд нь Сү.Батболд тэргүүтэй томчууд оролцсон. Харин Тусгаар тогтнолын хөшөөг тэрбум төгрөг, эсвэл нэг тэрбум таван зуун сая төгрөгөөр босгосон хөшөө гэлцдэг. Сайхан нэртэй ч хэнд ч хэрэггүй улсын мөнгө үрсэн энэ хөшөөг Авлигатай тэмцэх газар шалгавал нэлээн юм гарч ирнэ гэдэг. Тэрбумаар боссон энэ хөшөөг Бат-Үүл баатар даргын үед буюу 2013 оны 12 сарын 24-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 сарын 20-ны 164-р тогтоолоор энэ хөшөөг буулгаж, Богд гэгээний хөшөөг Тусгаар тогтнолын талбайд байршуулах тухай яригдсан. Тусгаар тогтнолын талбайд VIII Богд Гэгээн Жавзундамба хутагтын хөшөөний шав тавих ёслолын ажиллагаа болж, тухайн үеийн нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсан тэргүүтэй албаны улс оролцсон ч уг хөшөө баригдаагүй юм.