alim.mn | 2024.12.22
Д.Хаянхярваа: Намайг учир шалтгаангүй хорьж байна
Албадан саатуулагдаад буй "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргасан байна.
 
Уг хүсэлтдээ: " Миний бие Улсын Их Хурлын гишүүнээр 12 жил ажиллаж 2020 оны 6 сард бүрэн эрхийн хугацаа дуусч, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.
Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулын шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн.
2020 онд Засгийн газрын эрхлэх газрын дарга Монгол Улсын сайд Ц.Нямдорж болон Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар тус компанийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолд 2019 оны тус компанийн худалдан авах ажиллагааг Авлигатай тэмцэх газар болон хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэл өгсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 11, 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн.
Гэтэл 10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа.
Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо.
Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудал байсан.
Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна.
Миний бие бодохдоо, миний эрхэд халдсан хууль бус ажиллагаагаа хаацайлахын тулд ямар ч хамаагүй хэрэг хүлээлгэх, олон нийтэд гэмт хэрэгтэн болгож, харагдуулах хуулийн гэхээсээ улс төрийн агуулгатай үйл ажиллагаа болж байна.
Яагаад миний шалгуулахаар явуулсан өмч хөрөнгө ашиглан шамшигдуулсан асуудлыг над руу чиглүүлж байна вэ? Би хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, тайлбар мэдүүлгийг өгч байсан ч намайг учир шалтгаангүй хорьж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү?
 
Жич: Авлигатай Тэмцэх Газарт явуулсан 2 албан бичгийг хавсаргав
 
Д.Хаянхярваа" гэжээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баасансүрэн
3 жилийн өмнө
202.126.90.158
Шалгах нь зөвшдээ
Төстэй мэдээ