alim.mn | 2025.04.11
Х.НЯМБААТАР: $1.6 ТЭРБУМЫН ӨРИЙГ "ТЭГЛЭХ"-ЭЭС ИЛҮҮ САНАЛУУДЫГ ТАВИАД БАЙСАН

Монголын талын 34 хувьд ногдох өр төлбөрийн 70 хувийг “тэглэх” саналыг “Rio Tinto” гаргаад байна. Тэгвэл “Үүнээс илүү саналуудыг хэлэлцээрийн явцад тавьсан” гэж Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.

“Rio Tinto” болон "Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Оюутолгой” төслийн хэлэлцээрийн хүрээнд дөрвөн заалт бүхий саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа аж. Саналыг Ажлын хэсгээр хэлэлцэж, Ерөнхий сайдад танилцуулах юм байна. Мөн “Өмнө нь тавьсан саналаа дахин тавина гэдэг байр суурьтай байгаа” гэж Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэллээ.

Саналуудын хувьд Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийн хувьцаанд ногдох өр төлбөрийн 70 хувийг тэглэх санал гаргасан аж. Засгийн газрын өр 2.3 тэрбум ам.доллар хүрээд байгаа бөгөөд үүний 1.6 тэрбум ам.долларыг “тэглэх” юм.

Түүнчлэн “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардлын хэтрэлттэй холбоотойгоор 400 сая ам.долларыг Засгийн газарт өгөх, мөн зардлын хэтрэлтээс менежментийн төлбөр авахгүй байх санал гаргасан байна.

Хамгийн сүүлд далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд 1.45 тэрбум ам.долларын зардлыг батлах хэрэгтэй байгааг захидалд дурджээ. Мөн нэмэлт зардлыг батлах боломж олгож өгөөч гэсэн байна.

Эдгээр саналыг нухацтай судалж байж хариу өгнө гэх тайлбарыг Засгийн газрын ажлын хэсэг өгөөд байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ