alim.mn | 2025.06.16
"Гацуурт"-ын Чинбатад Сэлэнгийн малчид гомдож байна
"Гацуурт"-ын Чинбат хэмээх энэ эрхэм Говь-Алтай аймагт ах дүү 14-үүлээ, 5 ханатай гэрт тарвалзаж өссөнөө ярьсан. Харин одоо энэ цагийн Итгэлт баян болжээ. Алт уул уурхай, газар тариалан, хэвлэл мэдээлэл, хүүхдийн тоглоомын дэлгүүр гээд ороогүй салбар алга. Харин "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт орохдоо, мал аж ахуй, газар тариалангийн салбараа онцолж, хөтлөгч П.Анужинг төмс хараад уйлтал уяраасан нэгэн. Зочид буудлаа, телевизээ удирдаж явсан том охин нь төрийн сайд.  
Юутай ч Засагт ханы хөх харчуудын нэг тэрбээр одоо газар тариалан, мал аж ахуйгаа дагаж, Сэлэнгэ аймагт суурьжсан шахуу. Гэхдээ Сэлэнгэ аймгийн уугуул иргэд "Энэ хүний шуналд хязгаар алга" гэж толгой сэгсэрч байна. Азтай, амны хишигтэй гэх энэ эрхэмд өөрийн хөдөлмөрөөс гадна, төрийн сангийн ихээхэн тусламж дэмжлэгтэйгээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт хөл тавьсан гэдгийг хэвлэлд бичдэг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэг биш нэжгээд компаниудаараа дамжуулан хөнгөлөлттөй зээл авсан гэдэг. 
Гэхдээ алтны бизнесээс алгуурхан хөдөө аж ахуйн салбарт шилжсэн "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдын эрхэнд халдаж байгааг олон сумын иргэд гомдоллон мэдээлж байна. Тэрбээр Алтанбулаг, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг гээд олон сумын малын бэлчээр газрыг хашиж, мал бэлчээх газаргүй болгосон тухай ам уралдан ярих боллоо. Мөн Сэлэнгэ аймагтаа байгалийн сайхнаар шагшигддаг Түшиг сум руу явахад замын хоёр талыг битүү хашжээ. Эрчимжсэн бүс нутаг нэрийдлээр уламжлалт аж ахуйг боомилж, ард иргэдийн амьдрах нүүдэллэх эрхийг боомилж байгаа гэж малчид эсэргүүцэж "Сэлэнгэ аймагт "Гацуурт"-ын Чинбат гэдэг хүний вант улс өдрөөс өдөрт хүрээгээ тэллээ" гэлцэж сууна.
 ЖДҮ-ийн аваад гадны үүлдрийн үхрийн аж ахуй оруулж ирсэн. Одоо харин орон нутгийн иргэдийн амьжиргаа залгадаг бэлчээрийг булааж, хашсан талбайдаа өөрөөсөө өөр хүн, малын хөлийн мөр гаргуулахгүй хөөж тууж яваа гэх юм.
"Уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа боомилж, Монголд дасан зохицоогүй, тэжээлээр нүддэг гадны хэдэн малын төлөө малчдаа хавчин гадуурхахаа зогсоогооч" гэж малчид хөдөлмөрчид ноён Чинбатаас гуйж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ