“Хэрэв манай гарагийн хамгийн баян хүмүүс ердөө 6 тэрбум долларыг хандивлах юм бол 42 сая хүнийг өлсгөлөнгөөс аврах боломжтой. Жишээлбэл, “Tesla” корпорацийн Илон Маск эсвэл “Amazon” корпорацийг үндэслэгч Жефф Безос. Хэрэв эдгээр хүмүүст туслахгүй бол тэд зүгээр л өлсч үхэх болно” гэж НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн тэргүүн Дэвид Бизли саяхан “CNN”-д ярилцлага өгөхдөө мэдэгдсэн билээ.
Үүний хариуг дэлхийн хамгийн баян хүн Илон Маск яаж барьсныг “Insider” дамжуулж байна. “НҮБ-ын удирдлага хэрэв 6 тэрбум доллараар хэрхэн, яаж дэлхийд нүүрлэсэн өлсгөлөнг шийдэхээ тайлбарлаж бичиж өгвөл, мөн энэ мөнгө чухам юунд зарцуулагдах талаар зардлын бүрэн тайланг гаргаж олон нийтэд танилцуулах юм бол би “Tesla” компаний хувьцаагаа зарж олсон ашиг орлогоо НҮБ-ын Хүнсний хөтөлбөрт дамжуулан өгөхөд бэлэн” хэмээн тэрбумтан Илон Маск “Twitter”-т бичжээ. Сонирхуулахад, манай гарагийн хамгийн баян хүн бол Илон Маск. Түүний хөрөнгө одоо 311 тэрбум доллар гэж “Bloomberg Billionaires Index” мэдээлсэн. Иймээс ядууст өгөх 6 тэрбум доллар бол Илон Маскийн эд хөрөнгийн ердөө 2 хувь юм. Маск гэнэт ийм их мөнгөө хандивласан ч гэсэн ялгаагүй тэрбумтнуудын жагсаалтын 2-т жагсдаг Жефф Безосоос баян хэвээр үлдэх юм. Дор хаяж 100 тэрбум доллараар гэж бод.
НҮБ-ын Дэвид Бизли тэрбумтан Маскт өгсөн хариундаа “Даян дэлхийд нүүрлэсэн өлсгөлөнгийн асуудлыг 6 тэрбум доллараар шийдэж чадна гэж бид хэзээ ч мэдэгдээгүй. Харин нэг удаагийн ийм хандивын тусламжтай 42 сая хүний амийг аврах боломж байгаа талаар дуулгасан юм. Манай бүх тооцоо, зардал тунгалаг бөгөөд ил тод тайлангаа тавьдаг. Танай баг хүсвэл энэ бүхнийг биечлэн судалж бидэнтэй хамтран ажиллаж болно шүү” хэмээжээ. Бизли өмнө нь нэг бус удаа дэлхийн баячуудад хандан уриалга гаргасан юм. “Өнгөрсөн жил АНУ-ын хамгийн баян 400 тэрбумтны хөрөнгө 1,8 триллион доллараар нэмэгдсэн. Харин би энэ өсөлтийн ердөө 0,36%-ийг гуйж байна. Хүмүүс мөнгө олж баяжихыг би дэмждэг, гэхдээ Бурхан харж байгаа шүү. Та бүхэн хүнд хэцүү байдалд байгаа хүмүүст туслаасай гэж л би хүсдэг. Дэлхий гай зовлонд уначихаад байна” гэж Дэвид Бизли “CNN”-д өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэв.