Гадны хөрөнгө оруулагчид “Жаст”-ын Батхүүгийн банкны нийт хөрөнгийг 200-гаас 300 сая доллар, нефтийн компанийг нь 60 сая ам доллароор үнэлж байсан гэдэг. Тиймээс “Стандарт” банкинд төлөх ёстой 100 гаруй сая долларыг Ш.Батхүү өөрөө төлөх чадалтай гэж үзэх хүмүүс байна. Ингэхэд “Жаст”-ын Батхүүгийн босгосон банк, нефть импортлогч “Жаст ойл”, уул уурхай компани, Олон овоотын орд, махны үйлдвэр зэрэг 20 шахам компани хайчсан бэ гэсэн асуулт анхаарал татаж байна.
Бизнесийн хүрээнд “Жаст”-ын Батхүү гэж нэршсэн энэ эрхэм цагтаа “MCS”, “Жамп”, “Монхангай” группийг үүсгэн байгуулалцаж, MCS-ийн Оджаргалын хамтрагч байсан сайн бизнесмэн. Ерээд оны сүүлчээс өөрийн компаниа байгуулж, уул уурхай, нефть, барилга, банк санхүү, махны чиглэлийн бизнест хөл тавьж, мандаж явсан. Харин 2009 оноос бизнес нь оргилдоо хүрч, “Хадгаламж” банкийг 33 сая доллар, “Монгол шуудан” банкийг 26 сая доллароор авч, “Бөмбөгөр” нь шатсан “Алтжин”-гийн Алтангаас нэг шатахуун түгээх станцыг нь нэг сая доллароор бодон худалдаж авсан гэдэг. Тэрчлэн “Монгол газар”-ын Мянганбаяраас Олон овоотын ордыг 130 сая доллароор авсан. Энэ тухай Ц.Мянганбаяр “Ш.Батхүү бид найзууд. Олон овоотын алтны нөөц 100-гаад тонн. Тэгээд ч 100 тонн алтаар тэр хэмжээний өр дарах бол асуудал биш. Би бас их үндсэрхэг хүн л дээ. Америк болон гадаадын компаниудаас таван санал ирсэн. 135 сая доллароор зараач гэж. Мэдээж надад байвал ашигтай л даа. Би нийгмийг, хэн нэгэн хувь хүнийг хохироох дургүй. Тийм ч учраас “Жаст групп” ХХК болон орос түншүүдэд нь 130 сая доллараар зарсан” гэж ярилцлага өгч байлаа. Харин “Жаст”-ын Батхүү “Миний гол алдаа “Монгол газар” компани, Мянганбаяртай холбогдсоноос болсон” гэж хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэж байв. “Жаст”-ын Батхүүг Ерөнхий сайд С.Баярын үед бизнес нь сэргэн мандсан, С.Баярын хүн гэж ярьдаг. 1999 онд газрын тосны бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа эхэлж, 2000 оноос хөдөө аж ахуй, 2006 оноос барилга болон худалдаа, 2009 онд уул уурхай болон банк, санхүүгийн салбарт томоохон хөрөнгө оруулалтыг хийж, эдгээр чиглэлд идэвхитэй эрхлэн явуулж бүр 2010 онд ОХУ-ын Москва хот, БНХАУ-ын Бээжин хотноо өөрийн төлөөлөгчийн газрыг нээн ажиллуултлаа тэлсэн энэ компани 2013 оны наймдугаар сарын эх, долдугаар сарын сүүлээр дампуурлаа зарласан.
“Жаст ойл” шатахуун импортлогч компаниа, “Магнай трейд”-эд, Олон овоотын ордоо “Алтжин” компаний Г.Алтанд, махны “Мах маркет” үйлдвэрийг төр авсан боловч, хэсэг бүлэг улстөрчид хуваагаад авчихсан гэж яригддаг. Юутай ч Жаст-ын Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Стандарт банкнаас 109 сая доллар зээлсэн нь өнөөдөр, өөрийг нь ч Монгол Улсыг ч өрөнд оруулчихаад байгаа. Учир нь “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар нэхэмжилж Арбитртын шүүхэд хандсан асуудлыг гурван удаагийн шүүхээр дэнслэхэд Монголын тал ялагджээ. Улмаар Арбитрын шүүхээс Өмнөд Африкийн банкнаас нэхэмжилсэн төлбөрийг бууруулж “Эрдэнэт”-д 51 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан нь Засгийн газар, улс төрийн хүрээнд маргаан дагуулж эхлээд байна. Хачирхалтай нь, Монголын тал 51 сая ам.долларыг “Стандарт” банкинд төлөхөөс гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн хугацаан дахь шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг “Эрдэнэт”-ээс мөн нэхэмжилж Арбитртын шүүхэд хандсан байх юм. Ингэхдээ шүүхийн зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая ам.долларыг “Эрдэнэт”-ээс гаргуулж, “Стандарт” банкинд олгох шийдвэрийг нэмж гаргажээ. Нэг үгээр хэлбэл, Монголын Засгийн газраас Африкийн банкинд нийт 99 сая ам.доллар төлөхөөр болсон гэсэн үг.
2013 онд Стандарт банкны асуудал үүссэний дараахан “Ямартаа ч Монголынхоо эдийн засаг, төсөвт хүндрэл учруулсангүй, монголчуудаа хохироосонгүй, үлдсэн асуудлаа өөрөө шийднэ” гэсэн “Жаст”-ын Батхүүгийн бие нь муудаж, босгосон бизнесээ нэр бүхий бизнесмэнүүдэд зарсан гэдэг. Цагтаа цалгиж, 20-30 саяар чөлөөтэй банк худалдаж авч, 200-300 тэрбум төгрөгөөр ярьдаг бизнестэй байсан “Жаст”-ын Батхүүгийн өмч хөрөнгө хаачсан бэ. Төр оролцохгүйгээр “Жаст”-ын Батхүү сүүлчийн ганц цамцаа тайлаад ч болов “Стандарт” банкны өрийг төлөх боломжтой гэж тооцоо бодох хүн цөөнгүй.
“Жаст”-ын Батхүүгийн “Жаст ойл”-ыг худалдаж авсан “Магнай трейд”-ийн захирал Р.Ганзоригийг цагдаагийнхан барьж хорьж, суллан тавьж явуулаад байгаа нь энэ хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой гэсэн хардлага гарч байна.