alim.mn | 2024.12.23
“NORINCO INTERNATIONAL” ХХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, уул уурхайн технологийн газрын захирал Б.Батмагнай БНХАУ-ын хөрөнгө оруулагч “NORINCO International” ХХК-ийн төлөөллүүдтэй хамтран ажиллахаар санал солилцов. “NORINCO International” ХХК нь БНХАУ-ын томоохон групп компани бөгөөд алт, зэс, нүүрс, газрын тосны олборлолт, үйлдвэрлэл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус компани “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй уул уурхай түүнийг дагасан төслүүдэд хамтран ажиллах талаар сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Тус компани нь Таван толгой - Ханги чиглэлийн авто замын төслийн концесс эзэмшигч “Тахилт хайрхан транс” ХХК-ийн хөрөнгө оруулагч бөгөөд уулзалтын үеэр уг төслийн явцыг танилцуулж зарим тулгамдсан асуудлуудын талаар санал солилцлоо. Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 73 дугаар тогтоолоор Тавантолгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд “Таван толгой–Ханги чиглэлийн авто замын төсөл”-ийг хэрэгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу “Тавантолгой – Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессын гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. Уг авто замыг ашиглалтад оруулах хугацаа 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бөгөөд ашиглалтад оруулсан өдрөөс хойш 27 жил ашиглана. Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Ханги боомт хүртэл 480 км хатуу хучилттай авто замаар жилд 22-25 сая тонн эрдэс баялгийн бүтээгдэхүүн тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн зүгээс төслийн явцтай танилцан замын хүчин чадалтай уялдуулаад Ханги хилийн боомтыг хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, цаашид өсөн нэмэгдэх тээврийн хэрэгцээг хангахуйц тээвэр логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа талаар онцоллоо. Талууд уг боомтыг хөгжүүлснээр дан ганц эрдэс баялгийн бүтээгдэхүүн тээвэрлэх бус цаашид хоёр улсын хооронд экспорт импортыг дэмжих, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхэд нэн чухал худалдааны шинэ гарц бий болно гэж үзэж байна. Ханги-Мандал боомтын өргөтгөлийн асуудлыг хоёр улсын Засгийн газрын төвшинд шийдвэрлэх тул холбогдох тооцоо судалгаанд үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-тай бүх талаар нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ