alim.mn | 2024.12.22
Нэг тонныг 827 ам доллароор нийлүүлэх боломжтой ган бөөрөнцгийг “Эрдэнэт үйлдвэр” Хятадын компаниас 1050 доллароор авах гэрээ байгуулжээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийнхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэ гомдол гаргажээ. Тус үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ган бөөрөнцгийн бэлдэц нийлүүлдэг аж. Гэвч “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага тасралтгүй үргэлжлэх ёстой үйлдвэрлэлийн чухал шат дамжлагыг орхигдуулж, техникийн шинэчлэл хийх нэрээр нэг цехийн үйл ажиллагааг зогсоон, дотооддоо үйлдвэрлэх боломжтой бүтээгдэхүүнийг гадаадаас импортоор өндөр үнээр худалдан авч, үлэмж их хэмжээний хохирол уг хоёр үйлдвэрт учруулж эхэлжээ.

   “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ган бөөрөнцгийг нэг тонныг хоёр сая 277 мянган төгрөг буюу 827.5 ам.доллароор “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлэх гэрээтэй аж. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага DAP Эрээн нөхцөлөөр нэг тонныг 1050 доллароор авах гэрээ БНХАУ-ын компанитай байгуулж, агуулахдаа 1211 ам.доллар буюу 36 хувиар илүү үнээр худалдан авч өөрийн цех болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т үлэмж их хэмжээний хохирол учруулж байгаа тухай Ерөнхий сайдад мэдэгджээ.

Тус хоёр үйлдвэр 2018 онд хамтарч үнийн судалгаа хийхэд импортолсноос дотооддоо үйлдвэрлэсэн ган бөөрөнцөг худалдаж авах нь “Эрдэнэт үйлдвэр”-т ашигтай байх тооцоо гарсан аж.

Уг нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн 5600 тонн буюу 12.7 тэрбум гаруй төгрөгийн ган бөөрөнцөг үйлдвэрлэж, нийлүүлэхээр хүргүүлсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хүлээн авахгүй Хятадаас өндөр үнээр импортлохыг илүүд үзжээ.

Тиймээс Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 1200 хүнийг ажилтай, орлоготой байх талаар тодорхой арга хэмжээ авахыг Ерөнхий сайдаас хүссэн байна. Энэ байдлаас харахад "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд хятадуудад элэгтэй болж, сүүлийн үед байнга хятадуудтай "гэрээлэх" болсон нь үнэний хувьтайг баталлаа. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Г.Ганболд
4 жилийн өмнө
64.119.23.128
Чанар нь шаардлага хангасан юм болов уу. Чанар нь шаардлага хангаж байхад илүү үнээр авсан бол гэмт хэрэг шүү
Төстэй мэдээ