Англи иргэн Колин Вейр 2011 онд 71 насандаа EuroMillions сугалаанаас 161 сая фунт хожсон. Энэ нь монгол мөнгөөр 5,7 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Хүнд өвчинд шаналж байсан тэрээр хонжворын мөнгөө тун өвөрмөц байдлаар зарцуулжээ. Хамгийн эхлээд өөрийн дэмждэг хөлбөмбөгийн “Partick Thistle” багийнхаа хувьцааг худалдан авчээ. Мөн эхнэр хүүхэддээ хувь өгсөн байна. Гэхдээ амьдрах хугацаа багахан үлдсэн гэдгийг мэдэж байсан тул хонжворынхоо үлэмжхэн хэсгийг өөрийн оршуулгадаа зарцуулахаар шийджээ. Амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд эхнэрийн хамт Шотландын Тернберри хот дахь тансаг зэрэглэлийн “A Trump Turnberry hotel” зочид буудалд амьдарч “Turnberry” гольфийн талбайд гольф тогложээ. Энэ амралт зугаалгын төв нь Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын компанийх агаад дэлхийн баячууд ирж амардаг. 2019 оны 12-р сарын сүүлээр Колин Вейр нас барсан. Оршуулга нь 2020 оны 1-р сарын 14-нд болж эцсийн замд нь “A Trump Turnberry hotel” зочид буудлаас лимузин машинаар гаргасан. Чандарлах үйлчилгээ, авс, цэцгийн тухайд хамгийн үнэтэйг нь сонгожээ. Томчуудад үйлчилдэг буяны компаний “вип” үйлчилгээг мөн сонгон авчээ. Оршуулгын цуваа талийгаачийн хувьцааг нь эзэмшдэг хөлбөмбөгийн “Partick Thistle” багийн “Energy Check” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө саатахад тамирчид багийнхан хүндэтгэл үзүүлжээ. Талийгаачийн буяны цайллага “Trump Turnberry” хүндэтгэлийн зааланд болжээ. Буяны ажилд оролцсон хүмүүсд хамгийн тансаг үнэтэй хоол, зууш ундаагаар үйлчилжээ. Ширээ болгонд нэг бүр нь 340 фунт буюу 1,2 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн дарс задалжээ.